Буцах

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЭМЧ НАР ШИНЖИЛГЭЭНИЙ СОРЬЦ АВАХ, БҮРТГЭХ, МЭДЭЭЛЭХ ДАДЛАГА СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА

УОК-ын 41 дүгээр тушаал болон Боловсрол Шинжлэх ухааны Сайд, Эрүүл мэндийн Сайдын хамтарсан А/292/, А/525/ дугаар тушаалын дагуу НОК-ын Шуурхай штаб, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Боловсролын газраас ХӨСҮТ, СЭМҮТ-тэй хамтран Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, эмч нарт зориулсан цахим болон танхимын сургалтыг зохион байгуулж эхэлсэн.

Энэ хүрээнд өчигдөр “Сургууль, цэцэрлэгийн байгууллагад коронавируст халдвар (Ковид-19)-ын сэжигтэй тохиолдлыг илрүүлэх тандалт хийх, мэдээлэх, хариу арга хэмжээ”, “Сургууль, цэцэрлэгийн байгууллагад баримтлах халдварын сэргийлэлт, хяналт”, “Коронавируст халдвар (Ковид-19)-ын үеийн хүүхдийн сэтгэл зүйд дэмжлэг үзүүлэх нь”, “Коронавируст халдвар (Ковид-19) ба сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэл түгшилт” зэрэг сэдвээр сургууль, цэцэрлэгийн 1000 гаруй багш нарт цахим сургалт хийсэн юм.

Тэгвэл өнөөдөр Дүүргийн онцгой комисс болон Эрүүл мэндийн төвөөс сургууль, цэцэрлэгийн эмч нарт “Коронавируст халдвар (Ковид-19) илрүүлэх шинжилгээний сорьц авах арга, бүртгэх, мэдээлэх танхимын дадлага сургалтыг дүүрэгчилсэн байдлаар зохион байгуулж эхэллээ.

Сургалтаар Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд 63, Сонгинохайрхан дүүргийн 62, 65, 81, 105 дугаар сургуульд 82, Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд 13 эмч хамрагдаж, халдварын сэжигтэй тохиолдлыг илрүүлэх тандалт, хариу арга хэмжээ болон   шинжилгээний сорьц авах, бүртгэх, мэдээлэх аргад суралцлаа.

Энэ сарын 27-нд буюу маргааш Баянзүрх, Багахангай, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул дүүрэгт, 28-ны өдөр Налайх дүүрэгт энэхүү сургалт зохион байгуулагдах юм.

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР