Буцах

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗАР “ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙГ ДЭМЖИХ АЛБА”-ТАЙ БОЛЛОО

НЭМГ-ын харьяа Өргөө амаржих газраас “Үйлчүүлэгчийг дэмжих алба”-аа танилцуулах хүрээнд 09 дүгээр сарын 17-ны өдөр “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа.

Тус өдөрлөгийг НӨАГ-ын дарга, АУ-ны доктор, профессор Ж.Энхцэцэг нээсэн бөгөөд ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох, НЭМГ-ын эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Р.Октябрь болон албаны бусад хүмүүст оролцсон байна.

Өдөрлөгийн хүрээнд ясны сийрэгжилтийн шинжилгээнд 85 үйлчлүүлэгч, ажилтнууд, мөн зурган сэтгэл засалд 21, хайрын хэл судалгаанд 35 хүн хамрагджээ.

Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдэд эмчилгээ, үйлчилгээнээс гадна нийгэм, сэтгэл зүйн олон талт асуудлыг шийдвэрлэх хэрэгцээ тулгарч байдаг тул энэхүү тулгамдсан асуудлыг олж илрүүлэх, шийдвэрлэх нь тус албаны гол зорилго юм.

Үйлчлүүлэгчийг дэмжих албанд эрүүл мэндийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, хоол зүйч, цахим мэдээллийн ажилтан, эмнэлгийн хуудас хариуцсан эх баригч ажиллаж байна.

Түүнчлэн амаржих газрын үйл ажиллагаатай холбоотой цаг үеийн мэдээллүүдийг байгууллагын мэдээллийн сувгаар дамжуулан үйлчлүүлэгчдэд тогтмол хүргэхээс гадна  үйлчлүүлэгчдийн санал, хүсэлт, талархал, сэтгэгдэл, байгууллагын үйл ажиллагаатай холбоотой асуулт, хэрэгцээг тодорхойлох болон бусад судалгааг цахимаар, Google form, QR код ашиглан зохион байгуулах болжээ.

Тухайлбал төрөх өрөөнд дөнгөж амаржсан эх нярайн богино хугацааны нандин агшинг фото зурагт буулган бэлэг болгон дурсгах ажлыг санаачлан хэрэгжүүлж, өнөөдрийг хүртлэх байдлаар 659 эхэд дурсгалын зургийг нь гардуулсан байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР