Буцах

Б.БЯМБАДОРЖ: ХАЛДВАР АВАХ ИРГЭДИЙН ТОО НЭМЭГДСЭН Ч, ДАРХЛААЖУУЛАЛТАД ХАМРАГДАЛТ СУЛ БАЙНА

Нийслэлийн онцгой комисс /НОК/-оос цаг үеийн асуудлаар хийсэн мэдээллийн үеэр НЭМГ-ын дарга Б.Бямбадорж коронавирусын тархалтын нөхцөл байдал, хэвтэн эмчлүүлэгчдийн орны хүрэлцээ, эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаар мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр "Коронавируст халдварын эсрэг авах хариу арга хэмжээний хүрээнд НОК болон НЭМГ-аас 11 төрлийн үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:
-Халдвараас сэргийлэх сургалт сурталчилгаа,
-Молекул биологийн лабораторийн шинжилгээ,
-Халдвар илрүүлэх шинжилгээ,
-Халдварын эсрэг дархлаажуулалт,
-Өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ,
-Тандалт, хариу арга хэмжээ,
-Тусгаарлан эмчлэх байр,
-Хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ,
-Хэвтэн эмчлүүлэх ор зохицуулалт,
-Эмийн сангуудын хамтын ажиллагаа орно.
Нийт 500 гаруй эмийн сангийн нөөцийг долоо хоногоор гаргаж, 24 цагаар ажиллаж байгаа эмийн сангийн үйл ажиллагаанд мониторинг хийн ажиллаж байна. Мөн ковидын дараах нөхөн сэргээх эмчилгээг үзүүлж байна.
Нийслэлийн хэмжээнд сүүлийн нэг сар халдварын тархалт огцом нэмэгдсэн. Бид халдварын батлагдсан тохиолдол, ойрын хавьтал, шинж тэмдэг илэрсэн иргэдийн мэдээллийг долоо хоногоор гаргаж байна. Халдварын тархалт нэмэгдсэнийг хэвтэн эмчлүүлэгчид болон тусгаарлах байранд байгаа хүмүүсийн тооноос харж болно.
Халдварын нөхцөл байдлыг нэг сараар илэрхийлбэл, есдүгээр сарын 28-ны байдлаар 92 мянга болж нэмэгдсэн. Нас баралтын хувьд дунджаар өдөрт найман тохиолдол гарч байна. Халдварын эсрэг дархлаажуулалт 35 дахь долоо хоногоос суларсан. Халдварын тохиолдол, шинж тэмдэг илэрсэн иргэдийн тоо нэмэгдсэн ч дархлаажуулалтын хоёр, гуравдугаар тунд хамрагдах иргэдийн идэвхи суларч байна. Гуравдугаар тунгийн дархлаажуулалтад хамрагдсанаар коронавирусын халдвараас сэргийлж чадна. Тиймээс иргэдийг гуравдугаар тунгийн дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
Халдварын батлагдсан тохиолдол, эмнэлэг, тусгаарлах байрны хяналтад байгаа иргэдийн тоо сүүлийн дөрвөн долоо хоногт нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ирэх ачаалал нэмэгдэж байна. Гэрийн хяналтад өнөөдрийн байдлаар 36 мянга гаруй хүн бий.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүнд, хүндэвтэр, маш хүнд хүмүүсийн эзлэх хувь нэмэгдсэнээр орны эргэлт удаашрах, эмч, сувилагч, эмнэлгийн ачаалал ч нэмэгдэж байна. Сүүлийн дөрвөн долоо хоногоос өмнөх хугацаанд эмнэлгээс гарч байгаа иргэд болон хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн харьцаа тогтвортой байсан бол, өнөөдрийн байдлаар эмнэлгээс гарч байгаа хүн бага байна. Тиймээс эмнэлгийн орны эргэлт удааширч байна.
Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу өнөөдрийн байдлаар 5986 ор дэлгэсэн. Гэтэл 6639 хүн хэвтэн эмчлүүлж байгаа нь 109 хувийн ачаалалтай ажиллаж байгааг харуулж байгаа юм. Бид зайлшгүй хэвтэн эмчлүүлэх заалттай иргэдийг эмнэлэгт хэвтүүлэх зохион байгуулалтыг хийж байгаа. Хэвтэн эмчлүүлэгчдийн дунд нэн хүнд, хүндэвтэр хүмүүсийн тоо их байна.
Коронавирусын мутацлагдсан хувилбар илрэхээс өмнө иргэд 14 хоног хэвтэн эмчлүүлж байсан бол, одоо 21 хоног хэвтэн эмчлүүлж байгаа. Үүнтэй холбоотойгоор орны ачаалал нэмэгдэж байна" хэмээсэн юм.