Буцах

Б.БЯМБАДОРЖ: ЭМНЭЛГИЙН БУС ЗОРИУЛАЛТЫН ӨРӨӨ ТАСАЛГААГ СУЛЛАН, ОР ДЭЛГЭЖ ӨВЧТӨНҮҮДИЙГ ЭМЧИЛЖ БАЙНА

Нийслэлийн хэмжээнд коронавируст халдвараар хэвтэн эмчлүүлэгчдийн тоо 6539 байсан бол, өнгөрсөн долоо хоногт 6443 болж буурсан байна. Мөн гэрээр эмчлүүлж байгаа иргэд 31 мянга гаруй байсан бол, 29 мянга орчим болж буурчээ. Халдварын хариу арга хэмжээний багт өнөөдрийн байдлаар 240 төрийн албан хаагч, 38 сайн дурын жолооч ажиллаж байна.
Энэ хүрээнд НЭМГ-ын дарга Б.Бямбадорж дараах мэдээллийг олон нийтэд хүргэсэн юм.
-Коронавируст халдварын эсрэг авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ, эмнэлгийн үйлчилгээний хүрэлцээ, зохицуулалтын талаар мэдээлэл өгөөч?
-Өнөөдөр нийслэлийн хэмжээнд 6443 хүн коронавирусын халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Есдүгээр сард 101.001 хүн коронавирусын халдвар авсан байна. PCR, түргэвчилсэн шинжилгээгээр батлагдсан, мөн шинж тэмдэг илэрсэн иргэдэд бид эмнэлэг, тусгаарлах байр, Өрхийн эрүүл мэндийн төв болон гэрээр нь эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаарх халдварын тархалт зургадугаар сарын давалгаанаас 2.5 дахин нэмэгдсэн.
Бид халдварын тархалтыг долоо хоног бүрээр хянадаг. 34 дэх долоо хоног буюу наймдугаар сарын 23-29-ний хооронд халдварын тархалт аажмаар нэмэгдсэн. 37, 38 дахь долоо хоног буюу есдүгээр сарын 20-26-ны хооронд өдөрт дунджаар 3983 тохиолдол бүртгэгдэж байсан бол, өнгөрсөн долоо хоногт 3565 болж өөрчлөгдсөн. Гэрээр эмчлүүлж байгаа иргэд 38 дахь долоо хоногт 36.206, 39 дэх долоо хоногт 32.731 байсан бол, өнөөдрийн байдлаар 29.479 хүн Өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нэн хүнд 286, хүнд оноштой 1459 хүн байна. Есдүгээр сард 5900 ор байсан бол, өнөөдрийн байдлаар 6001 ор дэлгэсэн ч 6443 хүн хэвтэн эмчлүүлж байна. Өнгөрсөн долоо хоногт 5895 ор байсан бол, өдгөө “Нандин ухаан” эмнэлэг, Налайх дүүргийн эмнэлэгт 106 ор нэмж дэлгээд байна.
Бид өнгөрсөн долоо хоногт ор зохицуулах багийн үйл ажиллагааг хэрэгжүүлсэн. Өмнө нь ор зохицуулах үйл ажиллагааг ор дэлгэсэн эрүүл мэндийн 46 байгууллага зохион байгуулдаг байхад нэн хүнд, эмнэлэгт яаралтай хэвтэн эмчлүүлэх шаардлагатай иргэд ор хүлээж цаг алдах тохиолдол гарч байсан. Тиймээс зөвхөн коронавирусын халдвар авсан иргэдийг хэвтүүлэн эмчлэх ор зохицуулалтын багийг ажиллуулснаар тандалтын багийн сул орны мэдээллийг нэг цэгээс мэдээлж эхэлсэн. Ингэснээр улаан болон улбар шар эрэмбийн хүмүүсийн гэртээ байх хугацааг багасгаж, эмнэлэгт хэвтэх боломжийг нь нэмэгдүүлж байгаа юм.
Хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдал хүнд байх тохиолдол сүүлийн үед нэмэгдэж байна. Ингэснээр эмнэлгийн орны хүлээлт удаашрах, эмнэлгээс гарах хүмүүсийн тоо буурч байна. Гэсэн хэдий ч биеийн байдал хүндэрсэн, эмнэлэгт яаралтай хэвтэх шаардлагатай иргэдийн дуудлагыг түргэн тусламжийн утсаар авах болон Яармагт байрлах 145 ортой эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх, ор дэлгэсэн эмнэлгүүддээ яаралтай хэвтүүлэх боломжийг ханган ажиллаж байна.
-Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын явц ямар байна вэ?
-2021 оны хоёрдугаар сараас манай улс коронавирусын эсрэг дархлаажуулалтын вакцин хийж эхэлсэн. Вакцинжуулалтын талаар дэвшүүлсэн зорилт бүрт нийслэлийн эрүүл мэндийн байгууллага шуурхай зохион байгуулалтад орж, иргэдийг дархлаажуулж байна. Өнгөрсөн тавдугаар сард хамгийн өндөр буюу суурин 120, явуулын 40 цэгээр 2310 ажилтан дархлаажуулалт хийж байсан. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хүн амын 70.7 хувь буюу 1.060.560 хүн бүрэн тундаа хамрагдаад байна.
Нэмэлт тунгийн дархлаажуулалт наймдугаар сарын 23-наас есдүгээр сарын 5-ны хооронд өндөр байсан боловч одоо буурсан үзүүлэлт гарсан. Есдүгээр сарын 27-ноос аравдугаар сарын 3-ны хооронд нэмэлт тунд 1220 хүн хамрагдсан байна. Тиймээс халдварын тархалт өндөр байгаа энэ үед дэлхий дахинд судлагдсан, бусад улс орон хэрэгжүүлж байгаа нэмэлт тунгийн вакцинжуулалтад хамрагдахыг уриалж байна.
Ковидын халдвартай зэрэгцэн улирлын томуугийн дэгдэлт нэмэгдэж байгаа. Томуугийн вакциныг бид аравдугаар сард эхлүүлдэг уламжлалтай. Гэсэн хэдий ч цар тахалтай холбоотойгоор есдүгээр сард 2-11 насны хүүхдүүдэд томуугийн вакцин хийсэн. Нийслэлийн хэмжээнд томуугийн вакцинжуулалт 94.4 хувьтай байгаа.
Бид өнөөдрийн байдлаар 27 суурин цэгээр, хэвтрийн хүмүүс, олон ажилтантай албан байгууллагад явуулын байдлаар очиж дархлаажуулалтыг хийж байна. Эрүүл мэндийн сайдын тушаалаар өнгөрсөн долоо хоногт дархлаажуулалтыг эрчимжүүлсэн төлөвлөгөө гаргаж, нэмэлт тунд хамрагдалтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
-Нийгмийн даатгал төлдөггүй иргэдэд эмийн багц олгохгүй байна. Орны хүрэлцээ муу байна гэсэн мэдээлэл байгаа. Энэ талаар тайлбар өгнө үү?
-Бид вирусын эсрэг эмчилгээний багцыг Өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан иргэдэд хүргэж байгаа. Мөн 500 гаруй эмийн сантай гэрээ хийн долоо хоног бүр эмийн нөөцийн мэдээллийг авч ажилладаг. Түүнээс гадна 24 цагийн болон уртасгасан цаг буюу 23:00 цаг хүртэл ажилладаг эмийн сангуудын байршлыг тогтоон, нийслэлийн цахим хуудсанд байршуулж, орон зайн мэдээллийн санд бүртгэн, хяналт тавин ажиллаж байна.
Эрүүл мэндийн байгууллагууд ор дэлгэн ажиллахад бэлтгэл ажил хангадаг. Хүнд болон хэвтэн эмчлүүлэх нэн шаардлагатай иргэдийн тоо нэмэгдэж байгаа учраас ор дэлгэсэн байгууллагууд эмнэлгийн бус зориулалтын, оффисын зориулалтын өрөө тасалгаагаа суллан, ор дэлгэж, өвчтөнүүдийг эмчилж байна.
-Өдөрт нас барах иргэдийн тоо буурахгүй байна. Эмнэлгийн тусламж авч чадалгүй гэртээ нас барах тохиолдол гарсаар байгаа. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ?
-Эрүүл мэндийн сайдын тушаалаар нас баралтын мэдээллийг гаргах, шалтгааныг тогтоох комисс Эрүүл мэндийн яаманд ажилладаг. Коронавирусын халдвар бүртгэгдсэнээс хойш гэрийн нас баралт 44 бүртгэгдээд байна. Гэрийн нас баралтын бага хувийг өвчний төгсгөлийн шатанд байгаа иргэд болон Өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад байх хүсэлтэй иргэд эзэлдэг.
Өрхийн эрүүл мэндийн төвд 300-гаас дээш тохиолдол бүртгэгдвэл нэмэлт баг гарган ажиллуулж байна. Шинж тэмдэг илэрсэн болон өндөр эрсдэлтэй, жирэмсэн, архаг суурь өвчтэй иргэдийн ойрын хавьтлын шинжилгээг 5-6 дахь хоног дээр тандалтын баг очиж авч байгаа. Энэ бол Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан журмын дагуу хийгдэж байгаа ажил. Тандалт, шуурхай, хариу арга хэмжээний багийн үйл ажиллагаа вирусын халдварын үе шатнаас хамааран олон улсад батлагдсан дүрэм, журмын дагуу явж байгаа. Тухайн халдварын тохиолдлын үе шатанд тохируулан ЭМЯ-наас гаргасан тушаал, зааврын дагуу ажиллаж байна.
Эрүүл мэндийн байгууллагад хандсан, эмнэлэгт хэвтэх зайлшгүй шаардлагатай бүх хүнийг бид тандалт, шуурхай, хариу арга хэмжээний багаар дамжуулан 100 хувь хянадаг. Мөн жирэмсэн эхчүүдийг 100 хувь хянаж байна. Нийслэлийн Эрүүл мэндийн газарт 239 резидэнт эмч ажиллуулах Эрүүл мэндийн сайдын тушаал бий. Үүний ирц 70 орчим хувьтай байна.