Коронавирусын халдварын нөхцөл байдал, эсрэг авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ, эмнэлгийн үйлчилгээний хүрэлцээ, зохицуулалтын талаар Нэгдсэн шуурхай штабаас хийсэн хурлын үеэр НЭМГ-ын дарга Б.Бямбадорж сэтгүүлчдэд дараах мэдээллийг өглөө.
-Хэвтэн эмчлүүлэх орны хүрэлцээ ямар байна вэ?
-14 хоногийн өмнөөс Ор зохицуулах ажлын хэсэг ажиллаж эхэлсэн. Аравдугаар сарын 13-ны байдлаар, дүүргийн тандалтын багаас 511 хүнийг хэвтэх шаардлагатай гэж үнэлсэн учир эдгээр иргэнийг 35 эмнэлэгт хэвтүүлсэн. Улбар шар эрэмбэд 455 хүн эрэмбэлэгдсэнээс 435 хүнийг, шар эрэмбэд 51 хүн байгаагаас 30 хүнийг, ногоон эрэмбийн гурван хүн буюу нийт 485 хүнийг эмнэлэгт хэвтүүлсэн. Мөн өчигдөр 46 хүн эмнэлэгт хэвтэж чадалгүй өнөөдрийн төлөвлөгөөнд орж хүлээгдсэн байна.
Эмнэлгийн яаралтай тусламжийн бэлэн байдлыг хангаж 17 ор, эрчимт эмчилгээний хоёр орыг бэлтгэл байдлаар ажиллууллаа. Мөн хэвтэн эмчлүүлэх шаардлагатай 57 жирэмсэн эхийг 100 хувь хэвтүүлж эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлсэн.
Хариу арга хэмжээний 62 багт эмнэлгийн 248 ажилтан, 62 тээврийн хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа. Хариу арга хэмжээний багт 239 резидент эмч хуваарилагдсанаас 73 нь ажиллаж байна. "Глобал" сангийн дэмжлэгтэйгээр 207 сайн дурын идэвхтэн ажиллахаас 93 буюу 44.9 хувь нь, Монголын улаан загалмайн нийгэмлэгийн 187 сайн дурын ажилтан ажиллахаас 77 нь ажиллаж байна.
Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр төрийн албан хаагчид коронавирусын тандалт, хариу арга хэмжээний багт ажиллахаар болсон. Өнөөдрийн байдлаар 119 төрийн албан хаагч хариу арга хэмжээний багт ажиллаж байна. Хувийн машинтай, сайн дурын 39 жолооч мөн ажиллаж байгаа.
-Нийслэлийн хэмжээнд сүүлийн 24 цагт хэдэн тохиолдол бүртгэгдсэн бэ?
-Сүүлийн 24 цагт 3591 тохиолдол бүртгэгдэж, найман хүн нас барсан байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 6429 иргэн хэвтэн эмчлүүлж, тусгаарлах байранд 330 хүн, гэрээр 28.023 иргэн эмчлүүлж байгаа.
-Сургууль, цэцэрлэг, их, дээд сургуулиудад халдвар ямар байна вэ?
-Сургууль бүрт сургалтад хамрагдсан тандалтын баг ажиллаж байгаа. Аравдугаар сарын 13-ны мэдээгээр тус бүр нэг сургууль, цэцэрлэг бүрэн цахимд шилжсэн бол, мөн нэг сургууль, нэг цэцэрлэг хагас цахимд шилжсэн. Сүүлийн 24 цагийн байдлаар цэцэрлэгийн 11 хүүхэд, 17 багш, есөн ажилтан, Ерөнхий боловсролын сургуулийн 117 сурагч, 43 багш, долоон ажилтан халдвар авсан нь батлагджээ.
Бид вирусын эсрэг эмийн нөөц, хангалтын судалгааг гарган ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд 24 цаг болон уртасгасан цагаар ажилладаг эмийн сангуудын мэдээллийг “Нийслэлийн мэдээ” пэйж хуудсанд байршуулсан. Өнөөдрийн байдлаар нийт 28 эмийн сан уртасгасан цагаар, есөн эмийн сан 24:00 цагаар ажиллаж байна. Эдгээр эмийн сангийн утас, байршлын мэдээллийг “Нийслэлийн мэдээ” пэйж хуудаснаас авч болно.
-“Ковид-19” халдварын дараах сэргээн засах эмчилгээний талаар мэдээлэл өгнө үү?
-Коронавирусын халдварын дараах сэргээн засах эмчилгээ тулгамдсан асуудал болоод байна. Сэргээн засах эмчилгээний удирдамж заавар гарах ёстой. Төрийн болоод хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд зааврын дагуу тусламж, үйлчилгээ үзүүлэх бэлтгэл ажлаа хангасан.
Эрчимт эмчилгээ болон бусад нэгдсэн эмнэлгээр эмчлүүлж байгаа өвчтөнүүд сэргээн засах эмчилгээг эмгэг жамын эмчилгээтэй зэрэгцүүлэн аль болох эрт эхлүүлэх нь үр дүнтэй. Эмнэлэгт байхдаа сэргээн засах эмчилгээ хийлгэсэн ч гэрээр мөн эмчилгээ хийлгэх ёстой. Сэргээн засах эмчилгээнд тэд хоногийн курс гэсэн хугацаа заахгүй. Нийгэм болон гэр бүлд түшиглэн урт хугацаанд эмчилгээг хийх хэрэгтэй.
-Оюутны байранд халдварын тохиолдол бүртгэгдвэл ямар арга хэмжээ авах вэ?
-Бид боловсролын байгууллага хариуцсан мэргэжлийн хүмүүстэй хамтран ажиллаж байгаа. Оюутны байранд халдварын тохиолдол батлагдвал тусгайлан түр хяналт хийх, бусдаас тусгаарлах тасаг нээн, халдвар тархахаас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж байна.
Халдвар авсан оюутнуудын зарим нь гэрийн тусгаарлалтад эмчлүүлж байгаа. НЭМГ бол нийслэлийн иргэдийн тусламж, үйлчилгээг хариуцан ажилладаг байгууллага. Бид аль болох богино хугацаанд олон хүнийг дархлаажуулалтад хамруулж, технологи горимыг баримталж ажилладаг. Дархлаажуулалтын цэгүүд зөвхөн бямба гарагт 15:00 цаг хүртэл, ажлын таван өдөр 17:00 цаг хүртэл ажиллаж байгаа.