Буцах

ЧАНАРЫН ШААРДЛАГА ХАНГАСАН ОНОШЛУУР ХЭРЭГЛЭСЭН БОЛ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУГ БАТТАЙД ТООЦНО

НОК-ын шуурхай штабаас зохион байгуулсан хурлаар дараах мэдээллүүдийг хэвлэлийнхэнд өглөө.
-Халдвар авсан иргэдийн нас баралт залуужиж байна. Ямар арга хэмжээ авч байна вэ?
-Ор зохицуулалтын нэгдсэн удирдлагад шилжсэнээр хүнд болон нэн хүнд эрэмбээр эрэмбэлэгдсэн иргэдийг өрхийн эмчийн хяналтаас шууд эмнэлгийн тусламж үйлчилгээнд авч байгаа. Мөн жирэмсэн болон эрсдэл өндөртэй иргэдийг тухайн өдөрт нь эмчилгээнд хамруулж байна.
Халдвар аваад нас барсан иргэдийн дийлэнх нь эмнэлэгт өөд болсон байна. Гэрийн нас баралт бага хувийг эзэлж байгаа. Өнгөрсөн хугацаанд гарсан гэрийн нас баралтууд архаг өвчний төгсгөлийн шатанд эмчилгээнд байж байгаад үргэлжлүүлэн өрхийн эмнэлгийн хяналтад байсан иргэд юм. ЭМЯ-нд нас баралтын шалтгааныг тогтоох комисс ажилладаг. Энэ комиссоос нас баралтын шалтгаан “Ковид-19”-ийн байсан уу, өөр шалтгаантай байсан уу гэдгийг мэдээлдэг.
Коронавирусын халдварын эсрэг тусламж үйлчилгээ үзүүлж байгаа Өрхийн эрүүл мэндийн төв, анхан шатны эмнэлгийн байгууллагуудад байнгын мониторинг хийх, дэмжлэг үзүүлэх үүднээс эмч нарт Юнителийн 220 дугаар олгосон. Нийт 11.773 дуудлага ирснээс 140 дуудлагад хариу өгч амжаагүй байна. Дийлэнх дуудлага өглөөний 08:00-09:00, 11:00-13:00 цагт ирж байна гэсэн судалгаа гарсан. Аравдугаар сарын 03-наас 21-ний хооронд өдөрт дунджаар 700-800 дуудлага ирсэн байна.
-Түргэвчилсэн шинжилгээний хариу зөрүүтэй гарах тохиолдлыг хэрхэн тайлбарлах вэ?
-ЭМЯ-наас түргэвчилсэн шинжилгээний оношлуурын тестүүдэд үнэлгээ хийн, есөн байгууллагын оношлуурыг хэрэглэхийг зөвлөсөн. Чанарын шаардлага хангасан оношлуур хэрэглэж байгаа нөхцөлд шинжилгээний хариуг баттай гэж үзэж болно. Ойрын хавьтлууд, өндөр эрсдэлтэй, өрхийн эмчийн хяналтад байгаа иргэдэд тандалтын багаас тогтмол шинжилгээ хийж байгаа.
Нийслэлийн хэмжээнд PCR болон түргэвчилсэн шинжилгээ, шинж тэмдэг илэрсэн бүх иргэнийг нэгтгэн мэдээлж байгаа. Бүх иргэнээ хяналтад хамруулах нь чухал. Халдварын тоо буурч байна гээд тайвширч болохгүй. Халдвар тархах нөхцөл хүнээс хамааралтай.
Иргэд халдвараас сэргийлэх бүрэн боломж бий. Тиймээс амны хаалтыг тогтмол зүүх, тодорхой хугацаанд сольж байх, хүн хоорондын зай барих, нэг танхимд хэт олуулаа байхгүй байх, эрүүл мэндийн байгууллагын зааварчилгааг мөрдөх нь зүйтэй. Ингэж чадвал эрсдэлээс өөрийгөө хамгаалж чадна.
-Хүүхдийн халдвар авсан байдлыг хэрхэн дүгнэж байна вэ. Сургуулийн орчин ямар байна вэ?
-Хүүхдүүдийн халдварыг сургуулийн орчинтой холбоотой гэж үзэхгүй байгаа. Тархвар судлаачдын ирүүлсэн мэдээллээр гэр бүлийн орчноос халдвар авах тохиолдол давамгай байна гэсэн судалгаа гарсан. Тиймээс гэр бүлийн нэг гишүүн халдварын нөхцөлд орсон байх магадлалтай бол нэн тэргүүнд өөрийгөө тусгаарлах, аяга халбага, ахуйн хэрэглээний зүйлсээ тусдаа хэрэглэх хэрэгтэй байна.