Буцах

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Ж.Нарангэрэл: -Манай улсад озон эмчилгээний заавар, удирдамж байхгүй.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Ж.Нарангэрэл:

– Цус шингэлэх хэчнээн төрлийн эмүүд байдаг вэ. Иргэд ямар зааврын дагуу хэрэглэх ёстой вэ?

– Цус шингэлэх ямар эмийг ямар заавартайгаар хэрэглэх вэ гэдэг нь эмчилгээний зааварт тусгагдсан. Үүнийг эмч нар мөрдөж ажиллаж байгаа.

Цус нь улаан эсийн олшрол, ялтасны олшрол, бүлэгнэлтийн өөрчлөлт зэрэг гурван төрлийн шалтгаанаас үүдэж өтгөрдөг.

Иймд цус шингэлэх эмүүд нь гурван өөр янзын үйлчилгээтэй гэсэн үг. Тиймээс аль механизмаар үүссэн цус өтгөрөл вэ гэдгийг оношилж, түүнээс нь шалтгаалж эмчлэх эм нь харилцан адилгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

Дийлэнх тохиолдолд эмч нарын бичиж өгдөг аспирин зэрэг эм нь цусан дахь ялтсыг хоорондоо наалдах процессыг нь л саатуулах үйлчилгээтэй.

Мөн зөвхөн эмнэлгийн нөхцөлд хэрэглэх заавартай буюу гэрийн нөхцөлд хэрэглэх нь зохимжгүй маш олон цус шингэлэх эмүүд бий. Тиймээс гэртээ болон эмнэлгийн нөхцөлд ямар эм хэрэглэхийг эмнэл зүйн удирдамжаараа тохируулдаг юм.

– Цус шингэлэх нэрийдлээр хүмүүс озон эмчилгээ зэрэг янз бүрийн эмчилгээ хийлгэх тухай ярьж байна. Озон эмчилгээний талаар ЭМЯ-наас баталсан журам, заавар ер нь байдаг уу?

– Эрүүл мэндийн яам озон эмчилгээний тухай ямарваа нэгэн заавар, эмчилгээний удирдамж огт батлаагүй. Энэ бол манай улсын эмнэл зүйн удирдамжид байдаггүй эмчилгээ.

Манай улс олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмнэл зүйн удирдамжийг мөрддөг. Энэ дотор ч озон эмчилгээ огт байхгүй. Тиймээс энэ нь манай улс энэ эмчилгээний удирдамж, зааврыг огт батлаагүй.

Иймд иргэд өөрсдөө ямар эмчилгээ хийлгэх вэ гэдэг дээр цензуртай хандаж, мэдээлэлтэй байхгүй бол хүмүүсийг ингэж төөрөгдүүлэх асуудал байна.

Эрүүл мэндийн яамнаас озон эмчилгээний удирдамж байхгүйг дахин хэлье.

ikon.mn-с