Буцах

ТӨВ АЙМГИЙН СЭРГЭЛЭН СУМЫН НУТАГТ ТАРВАГАН ТАХЛЫН БАЙГАЛИЙН ГОЛОМТ ИДЭВХЖИЖ БАЙГААГ ТОГТООЛОО

Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв нь 2019 оны календарчилсан төлөвлөгөөний дагуу Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 9 секторын нийт 81.0 мянган га талбайд байгалийн голомт хяналтын тандалт, хайгуул хэлбэрийн шинжилгээг хийж гүйцэтгэлээ.

Лабораторийн шинжилгээгээр Сэргэлэн сумын нутаг “Шар худаг” (Улаанбаатар хотоос зүүн урагшаа 70 км-т) гэдэг газраас олзворлосон үлийн цагаан оготно (Lasiopodomys brandtii)-ны сорьцонд ийлдэс судлалын аргаар шинжилгээ хийхэд тарваган тахал өвчний эерэг материал илэрч, сорьцыг ЗӨСҮТ-ийн лавлагаа лабораториор баталгаажууллаа.

Өмнө нь Сэргэлэн сумын нутагт 2002, 2007, 2008, 2010 онуудад хийсэн байгалийн голомт хяналтын шинжилгээгээр олзворлосон үлийн цагаан оготно, түүний бүүрэгнээс өсгөвөр, 2011 онд хийсэн шинжилгээгээр эерэг материал илрүүлж, тус сумын нутагт тарваган тахал өвчний байгалийн голомт идэвхтэй явагдаж байгааг тогтоож байсан билээ.