Буцах

Дэлхийн 00-ын өдрийн хүрээнд “Хэнийг ч орхигдуулахгүй” өдөрлөгийг зохион байгууллаа

Дэлхийн 00-ийн холбооноос санаачлан 11 дүгээр сарын 19-ны өдрийг “Дэлхийн 00-ийн өдөр” хэмээн зарлаж, жил бүр онцлог уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлдэг. Харин энэ онд “Тэгш хүртээмж” уриан дор эрүүл, аюулгүй ариун цэврийн байгууламжийг хүн бүрт хүргэхэд гол санаа нь чиглэгдсэн байлаа. Энэ өдрийн хүрээнд иргэдэд стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийн ашиг тусын талаарх сурталчилгааг өргөжүүлэх, мэдээлэл түгээх зорилгоор НЭМҮТ-ийн Орчны эрүүл мэндийн алба, БЗД-ийн ЗДТГ, БЗД-ийн ЭМТ-ийн  НЭМАлба хамтран “Хэнийг ч орхигдуулахгүй” өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгт БЗД-ийн хороодын хэсгийн ахлагч нар, ӨЭМТ-ийн ЭМНА, хүүхдийн байгууллагын эмч нар, хороодын сайн дурын идэвхтэн иргэд гээд нийт 250 гаруй хүн оролцсон байна.

Энэ үеэр “WASH action” ТББ-ын тэргүүн Ц.Батцэрэн, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Нарантуяа, дүүргийн Эрүүл мэндийн төвийн халдвар судлаач Ш.Шижиржаргал нар “Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийн сүүлийн үеийн шийдэл”, “Ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний өнөөгийн байдал”, “Ус, ариун цэврийн байгууламжийн эрүүл ахуй, эрүүл мэндийн нөлөөлөл”-ийн талаар танилцуулж, мэдээлэл зөвлөгөө өглөө.

Өдөрлөгийн төгсгөлд оролцогчид Ариун цэврийн байгууламжийн шийдэл, загваруудыг үзэж, сонирхсон байна. 

Нэмж мэдээлэхэд дэлхийн хүн амын 45% нь аюулгүй ариун цэврийн байгууламж ашигладаг бол хоёр тэрбум хүн өөрсдийн нүхэн жорлонгүй ба эдгээрийн 673 сая хүн нь ил задгай бие засдаг. Хөгжингүй болон хөгжиж буй орнуудын хүн ам нь ариун цэврийн байгууламж, ундны ус хүрэлцээгүй байдгаас болж нас бардаг бол эдгээр тохиолдлын 60% нь суулгалт өвчний шалтгаантай гэсэн статистик мэдээлэл байна. Харин “Тогтвортой хөгжлийн зорилт”-д 2030 он гэхэд хүн бүр эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжтай болох зорилгыг тусгасан байдаг.