Жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдөр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” тохиодог. НҮБ-аас 1981 оны 12 дугаар сарын 3-ны өдрийг анх Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр болгосноос хойш дэлхий даяараа энэ өдрийг тэмдэглэсээр иржээ. БЗД-ийн ЭМТ нь Монгол улсын Засгийн газрын 2017 оны 321-р тогтоол “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах болон “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтсан НЭМГ-ын 2019 оны 10 сарын 31 өдрийн А/162 дугаар тушаалын дагуу “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийг дэмжих сарын аян”-ыг дүүргийн хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна. Аяны хүрээнд дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд зориулан энэ сарын 23-ны өдөр “Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээ” эрүүл мэндийн өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.
Тус өдөрлөгт төрөл бүрийн бэрхшээлтэй 28 хорооны 70 орчим эмэгтэй оролцсон байна. Иргэдийн зүгээс амралтын өдрөөр тусгайлан үзлэг хийж, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэнд талархаж байгаагаа илэрхийлсэн. Тус өдөрлөгийн онцлог нь сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд дохионы хэлмэрчээр дамжуулан өөрийгөө илэрхийлэх боломж олгосон нь талархууштай байсныг ч мөн онцолж байлаа.
Өдөрлөгт оролцсон эмэгтэйчүүдэд эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг, ЭХО оношлогоо, нүд, чих хамар хоолой, арьс харшлын эмчийн үзлэг, зөвлөгөө, элэгний В,С вирус, сахарын шинжилгээ болон гэр бүл төлөвлөлтийн арга хэрэгслүүд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдээлэл зөвлөгөө, эмнэлзүйн хоол зүйч, сэтгэлзүйчийн ганцаарчилсан зөвлөгөөг хүргэж ажилласан байна.
Өдөрлөгийн үеэр үзлэг, зөвлөгөө, шинжилгээнд давхардсан тоогоор 179 хүн хамрагдаж, төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ авчээ. Өдөрлөгийн үеэр нийт оролцогчдод утааны маск тараан өгч, агаарын бохирдлын хор уршиг, маскны зөв хэрэглээ, ач холбогдлыг сурталчлан, зөвлөгөө өгсөн байна.