Эрүүл мэндийг дэмжих сангийн төслөөр ШШГЕГ-ын харьяа Баривчлах төвд архины эсрэг Миннесота загварыг хэрэгжүүлэх сургалт хийлээ. Төвийн талаар товч дурдахад дэг журам, хатуу хамгаалалт бүхий жихүүцэм орчин байв. Сараалжин торонд хүний сайхан үрс сууна. Сайнтай, муутай хорвоод алдаж онохгүй хүн гэж байхгүй ч сэргийлж болох алдаа гаргаж, 30 хүртэлх хоногоор саатуулагдаж буй нь энэ ажээ. Нэгэн аав ийн өгүүлсэн. “Гашуун ус ахынх нь амьдралыг үрэн таран хийсэн. Архийг жигшивч нэг л мэдэхэд ам руугаа цутгачихсан байдаг өөрийгөө бодохоос ой гутам. Хүн ажил амьдрал нь цэгцтэй, санаа зовох зүйлгүй байхдаа улам л тэнэг болчихдог юм байна. Надад гэр бүл, ажил, найз бүгд байсан. Зугаа цэнгэл хөөж, дарвиж явсан өдрүүддээ би өөрийгөө хар усанд алдаж, тэр хэрээр гэр бүлээ өөрөөсөө түлхсэн” хэмээн харуусан ярилаа. Түүний хэлснийг буулгах болсон шалтгаан бол үүнтэй адил түүх дахин бүү давтагдаасай гэж хүссэнийнх.
Баривчлах төвд танхайрах, хүний биед халдах, гэр бүлийн хүчирхийлэл, хулгайлах, согтууруугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүнийг 7-30 хоногоор саатуулдаг. Энд ихэнх нь архи, согтууруулах ундааны хамааралтай хүмүүс байдаг талаар эмч нь дурдсан. Мөн өсвөр насныхан, эмэгтэйчүүд ч ороод гардаг болжээ. Харин байрлагсдын тухайд Эрүүл мэндийн даатгалд хамрагдалт нь тун тааруу. 384 хүний 46 нь буюу 11,9 хувь нь даатгалтай байв. Өдөр бүр энд 60 орчим хүн шинээр ирдэгийн дийлэнх нь 20-67 насныхан байна. Энэ төвд байрлагсад буурахгүй байгаа гэнэ.
Саатуулагдаж байгаа хүмүүст БЗД-ийн ЭМТ-ийн эмч, сэтгэл зүйч нар үзлэг, оношилгоо хийж байна. Зарим хүн үзүүлэхгүй гэж ундууцахад, өөр нэг нь нэр хаягаа өөрчилж хэлэх нь бий. Энэхүү үзлэг шинжилгээ, сургалтыг зохион байгуулж, эдгээр “хаягдсан” хүмүүст анхаарал хандуулж байгаа Ж.Энхзул даргатай БЗД-ийн ЭМТ-ийн хамт олонд маш их баярлаж байгаагаа төвийн дарга нь илэрхийлж байлаа. Эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдаж чаддаггүй нийгмийн анхаарал татахуйц бүлэгт саатуулагдаж байгаа хугацаанд нь зөв зан үйлд хөтлөх архины эсрэг, сэтгэл зүй, сэтгэл заслын сургалтуудыг зохион байгуулсанд үнэхээр талархаж байна гэж эмч Цэрмаа хэллээ.
Энэ хүрээнд ЭМТ-ийн Нийгмийн эрүүл мэндийн алба, Сэтгэц наркологийн баг, АА нийгэмлэг хамтран сургалт хийж, чих хамар хоолой, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, ЭХО, арьс харшил, цусан дахь сахар, ДОХ/Тэмбүү, В,С вирусын шинжилгээ, сэтгэл заслын эмчилгээг хийсэн. Мөн Угаарын хийн хордлогоос сэргийлье, Архины шалтгаант элэгний өвчлөл, Амилуулах суурь тусламжийг газар дээр нь зөв үзүүлэх нь, Аз жаргалтай гэр бүл, Гэр бүлийн аз жаргал хаанаас эхлэх вэ гэх мэт бүлгийн сургалт, уулзалтуудыг зохион байгууллаа.
Баривчлах төвд “байрлагсад” “Гэр бүлийн аз жаргал хаанаас эхэлдэг вэ” бүлгийн сургалтыг үр дүнтэй, сайхан сургалт хэмээн хэлцгээж байв. Энэ тухай БЗД-ийн ЭМТ-ийн Сувилахуйн арга зүйч Х.Саранцэцэг:
Сургалтад хамрагдсан хүмүүсийн сэтгэгдэл маш өндөр байсан. Биднийг сургалтаа ойр ойрхон ирж хийгээрэй. Мөн хүүхэд залуучуудад явуулмаар сайхан сургалт байна гэж дуу нэгтэй хэлж байсан.
Энэ төвд ирж байгаа хүмүүсийн дийлэнх нь архины хамааралтай байдаг гэсэн. Тиймдээ ч гэр бүлээ хайрлах хайраа зөв илэрхийлж чаддаггүй юм шиг санагдсан. Сургалт явуулж байхад хүн бүр өөр өөрийнхөөрөө хүлээж авсан. Зарим нь уйлж байхад, бодолд дарагдан суусан нь ч бий. Өөр нэг нь “Архи , тамхи гэж зүйл байхгүй байсан бол бид нар гэр бүлээрээ аз жаргалтай амьдрах байсан” гэж хүртэл хэлсэн.
Бүлэгт хувааж, даалгавар өгөхөд гэр бүлийн аз жаргалыг баг бүр өөр санаа тусгаж, түүнийгээ илэрхийлэхийг зорьж ажилласан. Гэхдээ ихэнх хүмүүс хөдөөний амьдралыг илүү сайхан, аз жаргалтай гэж үзсэн. Тэдний авсан жишээгээр залуу хосууд хүүхэдтэйгээ аз жаргалтай байсан боловч архинаас болж, амьдрал нь орвонгоороо эргэж байгааг зургаар илэрхийлсэн.
Сургалтад хамрагдсан хүмүүс нэгийг бодож, хоёрыг тунгаасан биз ээ. Ямартаа ч Баривчлах төвд “Байрлагсад”-д эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шууд хүргэн ажилласан нь баярлууштай, бахархууштай хэрэг болсныг, цаашид жилийн турш хамтран ажиллахаар болсныг дурдах хэрэгтэй болов уу.
Энд байрлагч 7-30 хоногийн хугацаанд байрласан төлбөрөө өгч байж, энгийн амьдралдаа шилждэг гэв. Гэхдээ энэ байранд нэгэн сонин нэршил байна. Үзлэг, шинжилгээнд хамрагдаж байгаа хүмүүсийг ажих зуур “Цээвкэ” гэж хэн нэгнийг дуудах нь сонсогдов. Ажилсаг нэгнийг тухайн хэсгийн “Цээвкэ”-гээр тавьж, “ангийн дарга” хийлгэж, төлбөрөөс чөлөөлдөг гэнэ.
Ийм нэгэн дүр зураглал баривчлах төвийн нэг өдөр ажээ.
Алаг зүрх нь архины төлөө бус аав ээж, амраг хайрт, алдхан үрсийнх нь төлөө цохилог.
Архины хамааралтай гэх тодотголоос ангижирч, аливаа асуудлыг нударгаараа бус ноён нуруугаараа даван туулах ухааныг олог.
Хулгай хийж, худал хэлэлгүйгээр өөрийн хөлс, хүч, хөдөлмөрөөрөө олсон мөнгөний үнэ цэнийг ойлгог.
Жаргалыг холоос бус ойроос хайж, аз жаргал, гэр бүлээ хэзээ ч бүү умартаг.