Жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдөр “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр” тохиодог. Баянзүрх дүүргийн ЭМТ нь энэхүү өдрийг тохиолдуулан тусгай хэрэгцээт хүүхдүүдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, эрүүл мэндийн боловсрол олгох өдөрлөгийг зохион байгууллаа.
Энэ хүрээнд 9,13,14,28-р хорооны өрхийн ЭМТ-үүдтэй хамтран 55-р тусгай сургуулийн өсвөр насны хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан байна. Өдөрлөгт оролцсон 8-12-р ангийн нийт 60 сурагчид төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг хийсэн. Тодруулбал өсвөр үе-хүүхэд, арьс харшил, сүрьеэгийн эмчийн үзлэг зөвлөгөө, элэгний В.С вирус, хелико бактер, цусан дахь сахар, холестриний шинжилгээ, сэтгэл зүйч, эмнэлзүйн хоол зүйчийн ганцаарчилсан зөвлөгөө гэх мэт цогц тусламж үйлчилгээ үзүүлж ажилласан байна.
Мөн сурагчдад улирлын томуугаас сэргийлэх зорилгоор витаминжуулалтад хамруулж, А аминдэм, аньс, чацарганыг сурталчилгааны материалын хамт тараажээ.
Түүнчлэн агаарын бохирдлын хор хөнөөл, амьсгалын замын халдваруудаас сэргийлэх, утааны маскны зөв хэрэглээний талаар сургалт хийж, PM 2.5 шүүлтүүртэй маск тарааж урьдчилан сэргийлэлт хийсэн байна.
Үүнээс гадна биеийн жингийн индеск тодорхойлж, туранхай өсөлтийн хоцрогдолтой үнэлэгдсэн хүүхдүүдэд эмнэлзүйн хоолзүйчийн заалтаар “Эмчилгээний бэлэн хоол ”-ыг зөвлөгөө мэдээллийн хамт өгсөн нь оролцогчид болон асран хамгаалагч нарын талархлыг хүлээсэн үйл ажиллагаа боллоо.