Буцах

ХДХВ/ДОХ-ЫН ӨДРИЙГ "ӨӨРЧЛӨЛТИЙГ ТА БИД ХИЙНЭ" УРИАН ДОР ТЭМДЭГЛЭЛЭЭ...

Дэлхий нийтээрээ жил бүрийн 12 дугаар сарын 01-ний өдрийг ХДХВ/ДОХ-ын эсрэг ОЛОН НИЙТИЙН АНХААРАЛ ХАНДУУЛАХ ӨДӨР болгон тэмдэглэдэг билээ.

НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрөөс энэ жил тус өдрийг “ӨӨРЧЛӨЛТИЙГ ТА БИД ХИЙНЭ” гэсэн сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлэх уриалга гарсан юм.

Энэ хүрээнд Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв, Дүүргийн ЗДТГ, ГБХЗХХ, УЗХ-той хамтран нилээдгүй ажлыг хийхээр төлөвлөсний дагуу өнөөдөр ХДХВ/ДОХ-ын эсрэг эв санаа, итгэл найдварын бэлэг тэмдэг болсон улаан туузыг дүүргийн төв талбайгаар аялууллаа.

ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ, эмчилгээ, тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, халдварын тархалтыг бууруулахад олон нийтийг манлайлан оролцохыг уриалах зорилго бүхий тус үйл ажиллагаанд дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, Улаан загалмайн идэвхтэн гишүүд оролцож ХДХВ/ДОХ-ын эсрэг олон нийтийн анхаарлыг хандуулахад нэгдлээ.

Энэхүү өдрөөр манай улсын төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран олон талт үйл ажиллагааг зохион байгуулан тэмдэглэсээр даруй 20 гаруй жил болж байна.