Буцах

ЖИРЭМСЭН ҮЕИЙН ХЭТ АВИАН ШИНЖИЛГЭЭ /Нийслэлийн Өргөө амаржих газрын Дүрс оношлогооны эмч Г.Замбага/

Хэт авиан шинжилгээ нь ионжуулах цацрагжилт, туяаны нөлөө байдаггүй болохоор урагт сөрөг нөлөө үзүүлэхгүй, аюулгүй шинжилгээ юм. Жирэмсэний ямарч хугацаанд хийх боловч ЭМС-ын 338-р тушаалд зааснаар:

-6-10 долоо хоногтой

-11-13.6 долоо хоногтой

-18-22 долоо хоногтой

-31-36 долоо хоногтой үзэж оношилгоо хийнэ.

Жирэмсний 6-10 долоо хоногтойд

   Ургийн цэврүү умайн хөндийд хэвийн байрлалтай эсэх

   Ургийн зүрхний цохилтыг тодорхойлох

   Ихэр жирэмснийг оношлох Жирэмсний 11-13.6 долоо хоногтойд:

 • Жирэмсний болон төрөх хугацааг нарийвчлан тогтоох үе бөгөөд тухайн жирэмсний цаашдын менежментэд маш чухал байдаг.

  Ихэр жирэмснийг оношлох

  Эрт үеийн зулбалт, өсөлтгүй жирэмснийг оношлох

  Ургийн гаж хөгжлийг илрүүлэх:. Дауны хам шинж, бусад хромосомын эмгэгийн эрсдлийг тооцох скрининг шинжилгээ хийнэ.

  9-13 долоо хоногтойд эхийн цусанд хоёрлосон тест буюу PAPP-A, β-hCG дааврын шинжилгээ өгнө. Хэрэв таны нас 35-с дээш бол ЭХЭМҮТ-д 13а маягтаар энэ шинжилгээг өгч болно.

 11-13.6 долоо хоногтойд, ургийн зулай – ахар сүүлийн уртын хэмжээ 45-84 мм байх үед nuchal translucency (NT) – ургийн шилэн хүзүүний арын тунгалаг зайн зузааныг эход хэмжүүлнэ. Уг зузаан 3.0 мм хүртэл байвал хэвийн гэж үздэг.

 NT-г зөвхөн Fetal Medicine Foundation - олон улсын сертификаттай эмч үзэж, таны ураг хромосомын гажигтай байх эрсдлийг нь тусгай программаар тооцоолж боддог. •  Программын дүгнэлт нь эрсдэл бага эсвэл эрсдэл өндөр гэж гардаг. Хэрэв эрсдэл бага гарвал таны ураг хромосомын гажигтай байх магадлал бага гэж үзнэ. Жирэмсний 16 долоо хоногтойд:

    Ургийн бүтцийг шинжилж, зарим гажигийг илрүүлэх боломжтой

 Эмч анатомийн гажигтай байх магадлалтай буюу 11-13.6 долоо хоногтойн скрининг шинжилгээгээр эрсдэл өндөр гэж үзвэл ураг орчмын шингэний шинжилгээ (амниоцентез) өгч ургийн гажигийг оношлуулна.

 Мөн энэ хугацаанд умайн доод сегмент хэлбэрждэг бөгөөд умайн хүзүүний уртыг өмнө нь хожуу зулбаж байсан, дутуу төрж байсан эсвэл умайн хүзүүнд мэс ажилбар хийлгэж байсан жирэмсэн эмэгтэйчүүдэд үтрээний хэт авиан шинжилгээгээр үзэж дутуу төрөх эрсдэл байгааг эсэхийг тогтооно. Жирэмсний 18-22 долоо хоногтойд:

  Ургийн бүтцийн гажигийг оношлох нарийвчилсан шинжилгээг хийнэ. Хэт авиагаар ургийг шинжлэх үед ургийн тархи, нүүр, нуруу, зүрх, ходоод, гэдэс, бөөр, мөчид гэх мэт анатомийн бүх бүтцийг үнэлдэг. Энэхүү шинжилгээг хийлгэхэд ойролцоогоор 30 минутаас 1 цаг шаардлагатай байдаг. Жирэмсний бусад хугацаанд: Дээрхээс бусад (жирэмсний 24, 28, 32, 36 долоо хоногтойд) хугацаанд ургийн байдал, өсөлтийг үнэлэх зорилгоор хэт авиан шинжилгээг шаардлагатай гэсэн үед хийдэг. Энэ үед:

1.  Ургийн толгойн хэмжээ, хэвлийн тойрог, дунд чөмөгний уртыг хэмжин, ургийн жинг тооцоолдог.

 2. Ургийн байрлал, хөдөлгөөнийг үнэлдэг.

3.  Ихсийн байрлал, хөгжлийг тодорхойлдог.

4. Ураг орчмын шингэний хэмжээ

5.  Жирэмсний 32 долоо хоногтойгоос ургийн дунд чөмөгний ойролцоо ясжилтын цэг үүссэн эсэх, үүссэн бол хэмжээг тодорхойлно.

 6.  Цусан хангамжийн байдлыг үнэлэх зорилгоор умайн болон хүйн, ургийн тархины дунд артерийн судасны Допплер шинжилгээ хийдэг. Ямар нэг бэлтгэл шаардлагатай юу? Өвөрмөц, онцгой бэлтгэл ихэвчлэн шаардлагагүй байх ба жирэмсний эхний 3 сартайд эхийн давсганд бага зэрэг шээстэй байж болно, цаашид шээсгүй байх ёстой. Хэт авиан шинжилгээний сул тал:

• Тодорхой зарим гаж хөгжлийг илрүүлэх боломжгүй. Жишээ нь: зүрхний жижиг цоорхой, тархины зарим эмгэгүүд, хараа сонсголын өөрчлөлт, эд эрхтний үйл ажиллагааны алдагдал гэх мэт

• Заримдаа шинжлүүлэгч эмэгтэйн хэвлийн ханын зузаан /тарган/ зэрэг шалтгаанаар оношлогооны чадамж буурах

 Шинжлэгч эмч, мэргэжилтний ур чадвараас ихээхэн хамааралтай

 Хуурамч сөрөг хариу гарах магадлал өндөр Дэлхийн анагаах ухааны практикт хэт авиан шинжилгээг 40 гаран жилийн өмнөөс хэрэглэж эхэлсэн байдаг. Энэхүү хугацааны туршид хэт авиа нь урагт шууд нөлөөлж, гажиг үүсгэсэн тохиолдол бүртгэгдээгүй байна. Гэхдээ та эмчийн заавраар хэт авиан шинжилгээндээ хамрагдаарай. Зарим эмэгтэйчүүд жирэмсний хугацаанд зөвхөн эход харуулаад, жирэмсний бусад хяналтыг орхигдуулдаг тал бий. Жирэмсний хяналтын үед эмчийн үзлэг, зөвлөгөө, лабораторийн болон багажийн шинжилгээ цогц байдлаар хийгдэх шаардлагатай.