Сүүлийн жилүүдэд кесар хагалгааны давтамж нэмэгдэж байгаатай холбоотойгоор багагүй тохиолдож байгаа хүндрэл бол умайн кесар мэс заслын сорвин дээр бэхлэгдсэн жирэмслэлт юм.
Анх энэ тухай 1978 онд Английн эрдэмтэд M.Kanat-Pektas нарын бүрэлдхүүнтэй эрдэмтэд бичиж өөрсдийн эмчилгээ, мэс заслын тухай
судалгаа шинжилгээний материал хэвлүүлж байсан бол тэр цагаас өнөөг хүртэл ойролцоогоор 300 орчим судалгааны ажил, эрдэм шинжилгээний бүтээлүүд хэвлэгдсэн байна. Интернетээс харахад 2011-2014 онуудад Хятадын судлаачид 800 орчим тохиолдолын судалгаа хэвлүүлсэн байна. Ойролцоогоор дэлхий даяар 1:1800 аас 1:2226 орчим хувьтай тохиолддог байна.
Эх барихын практикт үтрээний мэдрүүлтэй хэт авиан оношлогоо болон соронзон үелзүүрт томографийн шинжилгээ нэвтэрснээр харьцангуй эрт хугацаанд оношлох боломжтой болсны зэрэгцээ нөхөн үржихүйн боломж хэвээр байлган эрхтэн хадгалах эмэн эмчилгээ болон мэс заслын арга боловсронгуй болсоор байна.
Гэвч манай бүсгүйчүүд харьцангуй оройтож эмчид хандах жирэмсний хяналтанд хожуу орсноор энэ эмгэгийн дагалдах хүндрэл умай урагдах, их хэмжээний цус алдах, бага шатлалын эмнэлэгт эмгэг байрлалтай үр хөврөл оношлогдохгүйгээр үр хөндүүлснээс эх амь насаа алдах аюулд ч өртөж байна.
Онош батлагдсны дараа эмнэлэгт даруй хэвтэн мэргэжлийн өндөр зэрэглэлийн тусламж авах, эмэн болон мэс заслын эмчилгээ мөн хавсарсан хэлбэрийн бүрдмэл цогц эмчилгээ хийлгэх, хүндрэл багатай их хэмжээний цус алдалтгүй, нөхөн үржихүйн эрхтэн хадгалах мэс заслыг шатлал өндөртэй эмнэлгүүдэд хийлгэх боломжтой юм!
Үр хөврөлийн өсөлт зогсоох эмэн эмчилгээ ( Метатрексат, Калийн хлорид, Этанол, Гиперосмоляр глюкоз, Вазопрессин) жирэмслэлт бэхлэгдсэн хуучин сорви өөлөх мэс засал эмчилгээ болон эмэн эмчилгээтэй хавсруулан ургийн өсөлт зогсоож үр хөврөл соруулах болон гистерскопийн хяналтанд хэсэг газрын эмэн эмчилгээг мэс засалтай хавсруулах зэрэг олон эмчилгээний аргууд нэвтрүүлж тохиолдлуудад эмчилгээний үр дүнгийн судалгаа хийгдэж байна.
Энэ эмгэгийн үед жирэмсний эхэн үед цус гарах, хэвлийн доогуур өвдөхөөс гадна хэт авиан шинжилгээнд үр хөврөл хуучин мэс заслын шарханд бэхлэгдэх, эмгэг судасжилт тодорхойлогдох, давсагны хэсэг рүү цүлхийлт илрэх мөн сорви орчмын умайн булчинт давхарга эрс нимгэрэх зэрэг олон шинж илэрнэ.
Иймд кесар мэс заслаар төрсөн эхчүүд ялангуяа 2 болон түүнээс дээш удаа мэс заслаар төрсөн эхчүүд жирэмсэн болонгуут болон жирэмсний магадгүй болон эргэлзээтэй шинж илрэнгүүт эмчид яаралтай хандах ЭХО шинжилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай юм.
Та эрт оношлуулах тусам эмчилгээний олон хэлбэрийн өндөр хяналттай найдвартай тусламж авч дараа дараачийн хүлээгдэж байгаа хүндрэлд өртөхгүй нөхөн үржихүйн чадамж болон эрхтнээ бүрэн хадгалах боломжтой юм.