Буцах

ХЛАМИДИЙН ХАЛДВАР

Шээс бэлгийн замын хламидийн халдвар нь Chlamydia trachomatis – аар үүсгэгдэж, шээс бэлэг эрхтэний салст бүрхэвчийг гэмтээдэг халдварт өвчин юм.
Халдвар дамжих зам
• Бэлгийн замаар дамжин халдварлана.
• Хламидийн халдвар нярайд төрөх замаар дамжина.
Нууц хугацаа 10-15 хоног
Хламидийн халдвар өртөх магадлал дараах үед хамгийн өндөр байна.
• Өмнө нь хламидийн халдвар авч байсан
• ДОХ болон бусад БЗДХ-тай
• Шинэ эсвэл олон бэлгийн хавьтагчтай
• Хамгаалалтгүй бэлгийн харьцаанд ордог
• Хууль бус мансууруулах бодис хэрэглэдэг
• Өсвөр насны эрт үед бэлгийн харьцаанд орсон
• Хорих ангид байдаг ижил хүйстний бэлгийн хамтрагчтай
• Биеэ үнэлсэн
Илрэх шинж тэмдэг
Хламидийн халдвар эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдэд шинж тэмдэггүй хэлбэрээр явагдана.
Эрэгтэйд шээсний сувгийн үрэвслээр илэрнэ.
• Шээсний сүв орчим ирвэгнэх загатнах
• Шээхэд хорсох
• Шээсний сувгаас бага хэмжээний салсархаг, идээрхэг ялгадас гарна.
Эмэгтэйд умайн хүзүүний үрэвслээр илэрнэ.
• Гадна бэлэг эрхтэн орчим загатнах
• Хэвлийн доогуур өвдөх
• Бэлгийн хавьтлын үед өвдөх
• Ойр ойрхон савирч шээх
• Умайн хүзүүний салст улайж хавагнаж, их биш хэмжээний салсархаг идээрхэг ялгадас гарна.
Насанд хүрэгчдийн нүдний салстын үрэвсэл
• Нүдний салст улайж хавагнан, нулимс гоожих, зовхи нээхэд түвэгтэй болно.
• Нүднээс салсархаг идээрхэг ялгадас гарна
Хламидын шалтгаант залгиур хоолойн үрэвсэл
• 70-80% шинж тэмдэггүй явагдана.
• Хоолой сэрвэгнэх, юм залгихад хөндүүрлэж, хуурай ханиалгана.
Нярайн хламидийн халдвар
Хламидийн халдвартай эхээс төрсөн нярайд төрсний дараа нярайн нүдний салстын үрэвсэл, нярайн уушигны хатгаа үүснэ.
• Нярайн нүдний салстын үрэвсэл
o Төрсний дараа 5-12 хоногт шинж тэмдэг илэрнэ.
o Нярайн нүдний салс болон зовхи улайж үрэвсэнэ, нулимс гоожно, зовхи хавагнах, нүднээс салсархаг идээрхэг ялгадас гарна.
• Нярайн уушгины хатгалгаа
o Төрсний дараа 4-12 хоногт илэрнэ.
o Хуурай ханиалгаж эхлээд аажимдаа цэр гарна.
o Амьсгаадна, амьсгалын тоо олширно, халуунгүй байна.
Хламидийн халдварын хүндрэлүүд
• Хламидийн халдвар нь эмэгтэйчүүдэд аарцгийн хөндийн эрхтний үрэвсэл үүсгэж, хэвлийн доод хэсгийн архаг өвдөлт, умайн гадуурх жирэмслэлт болон үргүйдэлд хүргэж болно.
• Эрэгтэйчүүдэд түрүү булчирхай болон төмсөгний дайврын үрэвсэл үүсгэж улмаар үргүйдэлд хүргэнэ.
Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
• Заг хүйтний болон хламидийн халдвар илэрсэн тохиолдолд эмчийн хяналтанд орж, эмчилгээг гүйцэд хийлгэх
• Бэлгийн хавьтагчийг эрт эмчлэх
• Тохиолдлын бэлгийн хавьталд орохгүй байх, бэлгэвч байнга зөв хэрэглэж занших
• Нярайн халдвараас сэргийлэхийн тулд жирэмсэн эмэгтэйчүүд хяналтанд эрт орж, БЗДХ-ыг илрүүлэх үзлэг шинжилгээнд хамрагдах хэрэгтэй.

Мэдээлэл: Нийслэлийн Өргөө амаржих газар
Эмэгтэйчүүдийн тасгийн Үрэвсэлт эмгэгийг эмчлэх хэсэг