Буцах

НАЛАЙХ ДҮҮРГИЙН СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГАД СУРАЛЦАГЧ 2300 ХҮҮХДИЙГ ТОМУУГИЙН ВАКЦИНД ХАМРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ.

Манай улс жил бүрийн 10 сард дархлаажуулалтын аян өрнүүлдэг билээ. Энэ жилийн дархлаажуулалтын 10 хоногийн аяныг “Томуугийн халдвараас сэргийлье” уриан дор өнөөдрөөс эхлэн 10 хоногийн хугацаанд зохион байгуулах бөгөөд манай дүүргийн хувьд эхний ээлжид 6 сартайгаас 10 хүртэлх насны хүүхдүүдийг дархлаажуулах ажлыг эхлүүлээд байна.
БНСУ-д үйлдвэрлэгдсэн А (H1N1), A (H3N2), В вирүсийн омог агуулсан найрлага бүхий “GC FLU” 3 цэнт вакцинд хамрагдах Налайх дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн 15 СӨББ-ын суралцагч 2300 хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагч нараас урьдчилан зөвшөөрөл авч бэлтгэл ажлыг хангасан. Үүний дагуу суралцагч нарыг цэцэрлэг тус бүр дээрх дархлаажуулалтын түр цэгээр, 06 сараас 3 хүртэлх насны /2 нас, 11 сар, 29 хоног/ СӨББ-д хамрагдаагүй хүүхдүүдийг харьяа ӨЭМТ-үүдийн байнгын цэг дээр өдөр бүр дархлаажуулж эхлээд байна.
МУ-ын ЗГ-аас санхүүжүүлсэн тус вакцинд СӨБ, ЕБС-ийн сурагч, хүүхдүүдэд үнэ төлбөргүй хамрагдах бөгөөд насны ангиллаар 06 сараас 3 хүртэлх насны хүүхдүүдэд дархлаажуулалтыг сарын зайтай 2 удаагийн давтамжтай хийх бол 3-аас дээш насныханд 1 удаа хийснээр А, В хүрээний халдвараас сэргийлэх, дархлаа тогтох, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.
Тус вакциныг ДЭМБ-аас 2020-2021 оны томуугийн улиралд зөвлөмж болгон, магадлан итгэмжлэн, БНСУ-ын “Green Cross” компанид үйлдвэрлэж, томуугийн вирусийн антигенийг идэвхгүйжүүлж гарган авсан байна.
Уг вакцин нь урьд жилүүдэд хийгдэж байсан бөгөөд ямар нэгэн хүндрэл, урвал илэрч байгаагүй байна. Хэрвээ хүүхэд вакцин хийсний дараа өндөр халуурах, тарилга орчимд улайж, хавдах, зовуурлах шинж тэмдэг илэрвэл яаралтай эмч хандахыг зөвлөж байна.
Эцэг эх, асран хамгаалагч нараа хүүхэд, багачуудаа улирлын томуугийн дархлаажуулалтад идэвхтэй хамруулж, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхийг уриалж байна.