Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблей 2012 оноос эхлэн жил бүрийн 10-р сарын 11-ний өдрийг "Олон Улсын Охидын өдөр" болгон тунхаглажээ. Ил өдрийг дэлхийн 193 орон “Олон улсын охидын өдөр” буюу “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэдэг байна.
Энэхүү өдрийн хүрээнд Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Налайх эмэгтэйчүүдийн салбар зөвлөл, УИХ-ын гишүүн С.Амарсайханы ажлын алба хамтран ‘’Хамтдаа хамгаалъя’’анхдугаар чуулганыг 400 гаруй охидын оролцоотойгоор дүүргийн Соёлын ордонд амжилттай зохион байгууллаа.
Охид дуу хоолойгоо томчуудад хүргэх тус чуулганд УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, Налайх Эрүүл мэндийн дарга Л.Байгал болон дүүргийн эмэгтэйчүүдийн зөвлөлийнхөн, холбогдох албаны хүмүүс оролцож, охидод тулгамдаж буй асуудал, гэр бүлийн хүчирхийллийн чиглэлээр илтгэл тавилаа.
Налайх дүүргийн охид чуулганаараа тулгамдаж буй тэргүүлэх асуудлаа тодорхойлон, өөрсдийнхөө эрүүл мэндийг хамгаалах нь юу юунаас илүү чухал болохыг онцолж, Монголынхоо бүх охидод хандан "Дөрвөн эрүүлийг эрхэмлэх"-ийг чухалчлан уриалга болгон гаргалаа. Үүнд:
1. Сэтгэцийн эрүүл мэнд
2. Биеийн эрүүл мэнд
3. Бэлгийн боловсрол, түүний эрүүл мэнд
4. Гэр бүлийн эрүүл мэндийг онцлон энэ хүрээнд өөрийгөө болон бусдынхаа эрүүл мэндийг хамгаалах нь зөв хэмээгээд бүх охидод болон төрийн болон төрийн бус байгууллагуудад энэ чиглэлээр дорвитой хөтөлбөрүүдийг эхлүүлэхийг уриалсан нь чуулганы онцлох үр дүн байлаа.
"Хамтдаа хамгаалъя" анхдугаар чуулганаар охидын өмнө тулгамддаг асуудал, өнөөгийн нөхцөл байдал” болон “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох арга зам, шийдэл” энэ асуудалд зөвхөн төрийн бус байгууллагууд дуу хоолойгоо хүргээд байх биш төр засаг ч анхаарах цаг болсныг зочид ч мөн онцолсон юм.