2020 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага өчигдрөөс эхлэн дүүргийн хэмжээнд эхэллээ. Цэрэг татлагын үйл ажиллагаа Налайх дүүргийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн урлагын зааланд явагдаж байгаа бөгөөд энэ сарын 22, 23, 24-ний өдрүүдэд үргэлжлэх юм. Цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах тус ажлын хүрээнд нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээг хийж, эрүүл мэндийн байдалд дүгнэлт хийхээр Налайх ЭМТ-ийн 36 эмч, мэргэжилтэн ажиллаж байна. Дүүргийн хэмжээнд зарлан дуудах хуудас 1400 залууст хүргэгдсэн бөгөөд эдгээр бүх залуусыг үзлэгт орох үеэр БЗДХ, ДОХ, тэмбүү, В, С вирусийн түргэвчилсэн шинжилгээг тестээр хийж байгаа бол тэнцсэн залуусыг ЭХО, рентген, цус, шээс биохимийн шинжилгээнүүдэд нэмэлтээр хамруулж байна. Энэ жил цэргийн алба хаагчийн эрүүл мэндийг тодорхойлох журамд өөрчлөлт орж, эмчлэгдэх боломжтой эмгэгтэй залуучуудыг хугацаат цэргийн албанд татах зарим нөхцлийг бүрдүүлээд байгаа юм. Мөн тус журмаар эрүүл мэндийн шалтгаанаар тэнцэхгүй байх 18 төрлийн өвчин эмгэгийг нэмжээ. Тодруулбал, уушгины шохойжилт, олон өнгөт үлд, чихний хэнгэрэг цүлхийсэн, хиймэл болор тавиулсан зэрэг оноштой иргэд цэргийн алба хаах боломжгүй ажээ. Энэ жилийн хувьд дэлхийн олон улсад тархаад буй цар тахлаас үүдэн цэрэг татлагын нэгдүгээр ээлж зохион байгуулагдаагүй билээ. Иймд 18-25 насны залуучууд та бүхэн иргэний үүргээ биелүүлж цэрэг татлагадаа идэвхтэй оролцохыг уриалж байна.