2020 оны цэрэг татлага улс орон даяар өмнөх долоо хоногт болж өндөрлөсөн. Налайх дүүргийн хувьд Цэргийн насны хамрагдвал зохих 1371 хүнд зарлан дуудах хуудас хүргэгдсэнээс 571 иргэн үзлэгт хамрагдсан ч 280 залуус эрүүл мэндийн шалтгаанаар тэнцээгүй байна. Эдгээр залуус дунд зонхилж байгаа өвчлөлийг жагсаахад
1. Дотрын өвчний эмгэгтэй /амьсгал, зүрх судас.../ 75,
2. Чих хамар хоолойн эмгэгтэй 57,
3. Мэс заслын өвчнөөр 33,
4. Гэмтэл болон гэмтлийн үлдэцтэй 28
5. Сэтгэцийн эмгэгтэй 24
6. Биеийн жингийн /тарган, хэт тарган, жингийн алдагдалтай/ шалтгаантай 19
7. Нүдний өвчнөөр 18
8. ДОХ/БЗДХ-ын өвчнөөр 9
9. Мэдрэлийн өвчнөөр 7
10. Халдварт өвчнөөр 7
11. Арьс харшлын өвчнөөр 3 хүн тус тус хасагдаж, эрүүл мэндээр тэнцээгүй байна.
Үүнээс харахад Налайх дүүргийн залуучууд дунд дотор, чих хамар хоолой, мэс засал, гэмтэл болон гэмтлийн үлдэцээс үүдэлтэй өвчлөлд өртөмтгий байгаа нь тухайн иргэний амьдралын буруу хэвшлийн нөлөөлөл өвчлөлийн шалтгаан нөхцөл нь болж байгааг харж болохоор байна. Зарим залуусын хувьд эмчлэгдэх бүрэн боломжтой өвчнийг эмчлүүлэхгүйгээр жил дараалан орж байгаа нь ажиглагдаж байсан.
Дашрамд дурдахад 2019 онд эрүүл мэндийн шалтгаанаар 298 залуучууд хасагдсан. Эндээс улбаалан Налайх ЭМТ-ийн Нийгмийн эрүүл мэндийн албанаас Налайх дүүргийн Цэргийн насны залуучуудын эрүүл мэндийг сайжруулах зорилгоор "Эх орны төлөө Цэрэг хүү" төслийг 2020 онд эхлүүлж, дүүргийн ЗДТГ, ХГБХТ, Налайх ЭМТ хамтран эмчлэгдэх боломжтой 137 залуусыг сонгон авч, удаан хугацааны туршид үе шаттайгаар эмчилж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар тэдгээрийн залуусын 60 хувийг бүрэн эрүүлжүүлээд байгаа юм.
Энэ жилийн хувьд ч цэргийн насны дээрх 280 залуусыг цаашид үе шаттай эрүүлжүүлэхээр төлөвлөөд байна.