Буцах

НАЛАЙХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДУРАНГИЙН АСУУДЛЫГ ИРЭХ ОНД ШИЙДВЭРЛЭНЭ...

Налайх ЭМТ нь энэ сарын 6-ны өдөр Эрүүл мэндийн сайд, ЭМЯ-ны бүрэлдэхүүн, салбар байгууллагуудын удирдлагуудад 2021-2024 онд хэрэгжүүлэх “Хөгжлийн хөтөлбөр”-өө танилцууллаа.
Танилцуулгыг Налайх ЭМТ-ийн дарга Л.Байгал хийсэн бөгөөд орон нутгийн онцлог, байгууллагын үйл ажиллагаа, ололт амжилт, хүний нөөц, үндсэн үзүүлэлт, бодлогын баримт бичгүүд, хэрэгжсэн төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалт, томоохон бүтээн байгуулалтууд, өнөөгийн байдал зэргийг танилцуулж, 2017-2020 оны стратеги төлөвлөгөөний хүрээнд эмнэлгийн тусламж үйлчилгээнд гарсан ахиц дэвшил, чанар хүртээмжийн нэмэгдсэн үзүүлэлтүүдийг онцоллоо.
Мөн 2021-2024 оны Хөгжлийн хөтөлбөрөөр нийгмийн эрүүл мэндийн төвийг байгуулах, дурангийн хагалгаа, оношлогоог хийх, сэргээн засах төв, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг дэмжих хэсэг, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдал, халдвараас сэргийлэх тогтолцоог олон улсын жишигт хүргэх, дэмжих алба байгуулах, хүний нөөцийн чадавхыг сайжруулах менежментийг боловсронгуй болгохыг зорьж төлөвлөж буйгаа танилцуулсан юм.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлсэн үгэндээ: “Нийслэл рүү чиглэж буй их урсгалын 80 орчим хувийг дурангийн холбогдолтой асуудал эзэлж байгаа. Ирэх оноос дурангийн хэрэгслээр хангаж өгөх нь зүйтэй. Тэгэхийн тулд ажилтныг ажлын байранд нь сургаж, хөгжүүлэх бэлтгэлээ хангах хэрэгтэй. Мөн маш сайн тооцоолол, судалгааг хийх шаардлагатай. Тэгж байж хөрөнгө оруулалт оновчтой болно” гэлээ.