Өглөөний 7 цаг 30 минут. Бүрэнхий шөнийг эвдэж, үүр хаяарах дөхжээ. Харин цагдаа, онцгой байдал, ТҮК, эмнэлгийн ажилтнууд ажилласаар. Өвлийн хүйтэнд хөрсөн дээр -20 хэм зааж байв. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоосонтой холбоотойгоор УОК-ийн шуурхай штабаас мэдээлснээр хоногт дунджаар тусгай чиг үүргийн 6000-7000 гаруй алба хаагч иргэдийн хөл хорионы дэглэмд хяналт тавьж байна. Тэд дотор бус гадаа дүн өвлийн хүйтэнд төмөр бетон, асфальтан зам дээр өдрөөр тогтохгүй шөнийг хүртэл өнгөрөөх нь энүүхэнд. Хаа нэг бие биенээ түрхэн ч болов дулаацуулж, машиндаа ээлжлэн суугаа харагдана. Эд бол тангараг өргөсөн эх орны хүүхдүүд билээ. Энэ хэцүү цаг үед хотынхоо цэвэр цэмцгэр байдлын төлөө үүрийн таван жингээр зам шүүрдэх ТҮК-ийн ажилтнууд битүү цан хүүрэг болсон ч ажлаа цааргалалгүй, аядуу, тайвнаар үргэлжлүүлнэ.
Эмнэлгийн ажилтнуудын хувьд эрсдэлтэй бүсэд өдөр, шөнөгүй ажилласаар... Хамгаалах хувцас хэрэглэл өмссөнөөс хойш дараагийн ээлж солигдох хүртэл тэд балга ус уух, бие засах эрхгүй. Зарим тохиолдолд ээлж солигдох хугацаа хамгийн багадаа таван цаг. Энэ таван цагийн хугацаанд амрах завдал гарна гэдэг юу л бол...
Энгийн жишээг дурдахад сургуулиуд дээр байрлаж байгаа Ковид-19 халдварыг илрүүлэх шинжилгээ авах цэгийн ажилтнуудыг дурдаж болно. Тэнд 9-17 цаг хүртэл 2 ээлжээр ажиллах 16-20 хүний баг бүрэлдэхүүн байдаг. Харин он гарсаар 2 ээлжээр бус нэг ээлжээр буюу 8-12 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Мэдээж энэ хооронд нэг л удаа завсарлага авах бөгөөд үйл ажиллагаагаа доголдуулахгүйн тулд нийт ажилтны тал нь эхлээд цайндаа орж, дараагийн хэддээ боломж олгон яаран ажилдаа орно.
Цэг дээр ажиллаж буй бүрэлдэхүүнд 2-3 лаборант, үйлчлэгч, ариутгагч нэг, нэг байх бол бүртгэлийн хоёр ажилтан, цэгийн үйл ажиллагааг хэвийн явуулах зохион байгуулалтын ажлыг хийх нэг ахлагчтай. Тооцоолол хийвэл шинжилгээний цэгт өдөрт хамгийн багадаа 600 орчим шинжилгээ хийж байгааг статистикаас харж болно. Өдрийн 8 цагт цэгүүд ажиллаж байна. Тэгвэл нэг цагт 75 хүний шинжилгээ хийгдэж байна гэсэн үг. 3 лаборант ажиллаж байна гэвэл нэг лаборант цагт 25 хүний шинжилгээг авч байгаа гэсэн үг. Энэ нь 2,4 минутад нэг хүний шинжилгээ хийгдэх үйл явц болж байгаа тооцоолол юм. Энэ хугацаанд үйлчлүүлэгч эхлээд үүдэнд халуунаа хэмжүүлнэ. Дараа нь бүртгэлээ хийлгэж, шинжилгээндээ хамрагдана. Энэ тооцоолол бол хамгийн багадаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Зарим тохиолдолд шинжилгээний цэг өдөрт 700-1000 хүртэлх хүнийг шинжилгээнд хамруулж байгаа нь ч бий. Эмнэлгийн ажилтнууд гадаа дугаарлан зогсож буй иргэдийг шинжилгээнд хамруулахын тулд ажлын цагаа уртасган ажиллах өдөр ч цөөнгүй. Дан ганц шинжилгээгээ авчихаад тэдний ажил дуусахгүй. Сорьцоо яв цав дугаарлаж, 100,100 ширхэгээр нь багцлах ажил үргэлжилнэ. Үүний дараа лаборатори луу зөөвөрлөнө. Лабораторид хүлээлгэж өгөхөд мөн л дагалдах хуудас, сорьцоо зөв дараалалд байгаа эсэхийг шалгуулах шат дамжлага хүлээгдэж байдаг. Мөн ЭМТ, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд гадуур явж шинжилгээ хийх тандалтын баг гэж бий. Багт жолооч, эмч, лаборант, ариутгагч ажиллана. Ингээд л тусгаарлалтад байгаа иргэдийг шинжилгээнд хамруулах ажил үргэлжилдэг юм. 2020 оны 11 сард нийслэл хотод Коронавируст халдвар илэрснээс хойш БЗД-ийн ЭМТ-ийн тандалтын 5 багийн 14 мэргэжилтэн, 28 ӨЭМТ 85 хоног тасралтгүй ажиллаж байна. Энэ хугацаанд Баянзүрх дүүрэгт үүссэн голомтолсон болон кластер халдваруудын 522 тохиолдолд тандалт судалгаа хийн өндөр болон бага эрсдэлтэй, 2-р хавьтлын 12018 иргэдийг гэрийн ажиглалтанд авч, 84 ААНБ-ын 13514 иргэд, 14972 өрхийн 32382 иргэдийг шинжилгээнд хамруулаад байна. Нийт 15056 айл өрхийн 45896 иргэдээс тандалтын 5 багаар дамжуулан шинжилгээг авч ажиллалаа.
Цэгийн үйл ажиллагааг хэвийн явуулахад цагдаа, онцгойгийн алба хаагч, ЭМТ, өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтнууд, мэргэжлийн хяналтын хэлтэс, ТҮК-ийн ажилтан, сургууль, цэцэрлэгийн багш нар гээд олон зуун хүн гар бие оролцсон. Харин энэ сарын 11-23-ныг хүртэлх хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр болсон. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор “Нэг хаалга-нэг иргэн” зорилтын хүрээнд Баянзүрх дүүрэгт 104 мянган иргэнийг шинжилгээнд хамруулахаар төлөвлөөд байна.
Ахуй амьдралаа ажлынхаа ард тавьсан энэ цагийн эгэл баатрууд бидний эрүүл мэндийг сахин хамгаалах үүрэгт өөрсдийн хувь нэмрээ оруулан ажилласаар байгаа гэдгийг та бүү мартаарай. Өөрийн болон гэр бүл, найз нөхөд, хамаатан садан төдийгүй таньж мэдэхгүй олон зуун хүний үнэт зүйл болсон эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулахгүйн төлөө та бид хичээх хэрэгтэй. Хайртай бүхнийхээ төлөө “Гараа угааж, маскаа зүүе”.