Буцах

НЭМТөв “ИРГЭДЭЭ СОНСЪЁ” уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа...

Налайх Эрүүл мэндийн төв нь хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа иргэддээ танилцуулж, санал, санаачлагыг нь сонсч, цаашдын үйл ажиллагаандаа тусган ажиллах зорилгоор “Иргэдээ сонсъё” уулзалт, хэлэлцүүлгийг энэ сарын 19-ны өдөр зохион байгууллаа.

Тус өдөрлөгийн үйл ажиллагаанд Нийслэлийн эрүүл мэндийн газрын эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, Налайх дүүргийн засаг даргын орлогч Х.Анхбаяр, ЭМТ-ийн дарга Л.Байгал, Эрүүл мэндийн даатгалын тасгийн дарга Ж.Ганжаргал болон бусад албаны хүмүүс оролцож, иргэдийн санал хүсэлтийг сонсож, холбогдох хариултуудыг өглөө.

Уулзалт, хэлэлцүүлэгт нийт 70 орчим иргэд оролцож, нийслэл, дүүргээс эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаатай танилцсан бөгөөд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж, санал хүсэлтээ уламжлан, Эрүүл мэндийн төвийн эмчилгээ үйлчилгээ сайжирч, өнгө үзэмж нэмэгдэн, тав тухтай орчинд үйлчлүүлэх болсондоо талархаж буйгаа илэрхийлсэн юм.

Иргэдийн санал хүсэлтээс дурьдвал:

1. ЭМД-ын сангаас Хөнгөлттэй эм олгох төсөв, санхүүжилт нь хүрэлцдэггүй хурдан дуусдаг учир эмээ авч чаддаггүй, иймд санхүүжилт нэмэгдүүлж өгөх боломжтой эсэх,
2. Өрхийн эмч нарын хүрэлцээ муу, сайжруулах, чадваржуулах шаардлагатай байгаа тухай
3. Сүрьеэгийн тасгийг тусд нь гаргах
4.Монос нь эмийн санг нэмэгдүүлэх боломжтой эсэх зэрэг асуудлыг ихэнх нь хэлж байлаа.

Энэхүү үйл ажиллагаа нь “Нийслэлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах сарын аяны хүрээнд” зохион байгуулагдаж байгаа үйл ажиллагаануудын нэг бөгөөд иргэдийн санал, хүсэлтийг шийдвэрлэх цаашид хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөхөд тусгах чухал ач холбогдолтой юм.

Мөн уулзалт, хэлэлцүүлэгийн үеэр "ИРГЭДЭД ХҮРГЭХ ИЛ ЗАХИДАЛ"-ыг тараан өгсөн юм.