Буцах

ТАНДАЛТ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ, ДАРХЛААЖУУЛАЛТЫН БАГТ САЙН ДУРААРАА АЖИЛЛАХЫГ УРИАЛЛАА

"Ковид-19" халдварт цар тахлын үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд 2200 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар, коронавирусын халдвар авсан 38 мянга гаруй иргэн гэрийн тусгаарлалт, Өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад байна.
 
 
Гэсэн хэдий ч эрүүл мэндийн салбарт хүний нөөцийн хомсдол үүсээд байгаа тул коронавируст халдварын тандалт, хариу арга хэмжээ, дархлаажуулалтын багт сайн дураараа ажиллахыг холбогдох албаны зүгээс иргэдэд уриалж эхэллээ.
Сайн дураар ажиллах хүсэлтэй иргэдийн хувьд нийт 910 ажлын байранд өдрийн 50 мянган төгрөгийн цалинтай ажиллах боломжтой бөгөөд утсаар мэдээлэл өгөх, эм савлах, хүргэх болон гэрээсээ хийх ажлууд ч байгаа аж. Мөн тухайн өрхийн эмнэлгийн өдөр тутмын үндсэн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж болох юм.
 
 
Сайн дураар ажиллах хүсэлтэй иргэдийг халдварын улаан бүсэд ажиллуулахгүй гэдгийг НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн тусламж хариуцсан орлогч, НОК-ын Шуурхай штабын Ажиллагааны багийн дарга Ж.Отгонболд хэлсэн байна.
Баянзүрх дүүргийн тавдугаар хороо 25 мянга гаруй иргэнтэй бөгөөд Өрхийн эрүүл мэндийн төвийн амбулаторийн үзлэг ачаалал ихтэй, нэг эмч өдөрт дунджаар 40-60 хүнд үзлэг хийж байна.
 
 
Тус хороонд 2021 оны нэгдүгээр сараас хойш халдварын батлагдсан тохиолдол 5000 бүртгэгджээ. Сүүлийн нэг сарын хугацаанд 2410 тохиолдол бүртгэгдсэнээс 106 нь эмнэлэгт хэвтэж, 1994 иргэн гэрээр эмчлүүлсэн байна. Мөн сүүлийн арав хоногийн хугацаанд 1298 тохиолдол бүртгэгджээ. Өрхийн эрүүл мэндийн төвөөс гэрээр эмчилгээ хийлгэж байгаа иргэдэд эмийн багцыг цаг алдалгүй хүргэж өгч байгаа аж.
Түүнчлэн томуугийн улирал эхэлж байгаа тул иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, хүн хоорондын зайгаа барьж, дархлаагаа дэмжин, шаардлагатай үед утсаар зөвлөгөө авах, яаран эмнэлэгт хандахгүй байхыг Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны “Хасагт-Эрдэнэ” Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Т.Лхамсүрэн хэлсэн байна.
 
 
Тус Өрхийн эрүүл мэндийн төв 4-5 төрлийн эмийн багц бэлтгэж, коронавируст халдвартай иргэдэд хүргэж буй бөгөөд 0-6 нас болон 6-12 насны хүүхдүүд, архаг суурь өвчтэй хүмүүс, жирэмсэн эхчүүдэд зориулсан багц бэлтгэжээ.
Тавдугаар хороонд сайн дурын гурван ажилтан 8:30-23:00 цаг хүртэл ажиллаж байгаа төдийгүй коронавируст халдвартай иргэдэд эм хүргэж өгөхөөр очиход гэртээ байхгүй байх тохиолдол олон байгааг хэлж байв. Тиймээс цар тахлын хүнд үед иргэдийг ухамсартай байхыг уриалж, сайн дураар ажиллах иргэдийн тоог нэмэгдүүлэх хэрэгтэй байна гэлээ.