Буцах

ХАЛДВАР АВСАН ИРГЭДЭД ХАРЪЯАЛАЛ ХАРГАЛЗАХГҮЙГЭЭР ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙНА

Коронавирусын халдварын эсрэг авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ, эмнэлгийн үйлчилгээний хүрэлцээ, зохицуулалтын талаар Нэгдсэн шуурхай штабаас мэдээлэл хийсэн. Энэ хүрээнд НЭМГ-ын дарга Б.Бямбадорж:
-Коронавирусын хариу арга хэмжээний хүрээнд нийслэлд оршин суугаа иргэдийг нийслэлийн болон орон нутгийн хаягтай гэж ялгахгүй эмчилгээ, үйлчилгээг үзүүлж байна. Иргэд өөрсдийн оршин суугаа хаягийн дагуу харъяа Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандан эмчилгээ авах боломжтой юм. Өрхийн эрүүл мэндийн төв нь эмчилгээ хийх, хяналтанд авах үйлчилгээг эрүүл мэндийн даатгалтай эсэхээс үл хамааран бүх иргэнд үзүүлнэ.
Эрүүл мэндийн байгууллагуудаас гэрийн хяналтад байгаа иргэдэд хүүхдийн болон насанд хүрэгчдийн гэсэн ангиллаар эмийн багц хүргэж байна. Тус багцад ямар эм, бэлдмэл байх талаар ЭМДЕГ, ЭМЯ-ны харьяа Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын агентлаг болон мэргэжлийн байгууллагаас чиглэл, заавар гаргасан бөгөөд энэ дагуу Өрхийн эрүүл мэндийн төвүүд олгож байгаа юм.
Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн агентлагтай хамтран эмийн бөөний төв, эм ханган нийлүүлэх байгууллагуудаас зээлээр эм авах бололцоог хангасан санамж бичиг байгуулж, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг эмээр таслахгүй байх арга хэмжээг авсан.
Дэлхий дахинд ковидтой зэрэгцэн орших гэсэн концепц гарч байна. Коронавирусын дельта хувилбар бол халдварлах чадвар өндөртэй. Цар тахлын тархалт өндөр байгаа ийм үед аж амьдралаа хэвийн явуулахад нийгмийн амьдралын өвөрмөц хэв маягийг сонгох хэрэгтэй болж байна.
Иргэддээ хандаж хэлэхэд, та өдөрт олон ажил төлөвлөхгүй байж хөдөлгөөнөө хязгаарлах, олон хүн цугласан газраар орохгүй байхыг зөвлөе. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас манай улсад ажилласан ажлын хэсэг монголчууд амны хаалтыг зүүж хэвшсэн байна гэсэн дүгнэлт гаргасан. Гэвч амны хаалт зүүх буруу дадлууд байна. Тиймээс амны хаалтыг хоёр цаг тутамд, 5-6 хүн болон түүнээс дээш тооны хүнтэй уулзсан бол солих, гэрээсээ бусад газарт амны хаалт зүүж хэвших хэрэгтэй байгаа юм.
Иргэд ажлын хамт олноороо уулзахдаа ердийн амьдралын хэв маягаар амны хаалтгүй байх, эсвэл нэг амны хаалтыг удаан хугацаагаар хэрэглэж байна. Дэлхийн улс оронд иргэн хүн өөрийгөө халдваргүй гэдгийг илтгэх олон янзын арга хэмжээг авч хэрэгжүүлж эхэлсэн. Тухайлбал, улаан өнгийн бугуйвч зүүж өөрийгөө халдваргүй гэдгийг бусдад мэдэгдэх зэрэг аргуудыг хэрэглэж байна. Тиймээс бид амны хаалтын өнгөөр энэ аргыг илэрхийлж болох юм гэсэн санааг дэвшүүлж байгаа юм.