Эрүүл мэндийн сайд, Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын сайдын хамтарсан 2018 оны А/480, А/739-р тушаалын хүрээнд жил бүрийн 10-12-р сард “Оюутны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг”-ийг зохион байгуулдаг. Энэ хүрээнд БЗД-ийн харьяа их, дээд сургуулийн оюутнуудад эрүүл мэндийн боловсрол олгох өдөрлөгийг зохион байгууллаа. Тоо мэдээллээс үзэхэд улсын хэмжээнд 99 их, дээд сургууль, коллежид нийт 175.200 гаруй оюутан суралцаж байгаагийн 89.3% нь нийслэл хотод суралцаж байгаа гэсэн статистик мэдээлэл бий. Үүнээс 33 их, дээд сургууль, коллеж нь БЗД-ийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг.
Оюутан болсон үеэс эцэг эх, асран хүмүүжүүлэгч нарын хараа хяналтаас холдож, бие даан амьдрах ухаанд суралцаж эхэлдэг. Үүнтэй зэрэгцэн нийгэм орчны өөрчлөлтөөс шалтгаалж, өөрийн эрүүл мэндийг хамгаалах мэдлэг, чадвар, туршлага олж авах хэрэгцээ гардаг. Мөн энэ үед насанд хүрэгчдийн зан үйлийг турших, архи, тамхи хэрэглэх, зохисгүй хооллох, хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт, бэлгийн замаар дамжих халдварт өртөх зэрэг эрсдэл илүүтэй байдаг нь судалгаагаар харагддаг. Тухайлбал, бэлгийн замаар дамжих халдварын тархалтын ихэнх хувийг оюутан залуучууд эзэлж байгаагийн дотор 15-19 насны 1000 охид тутамд ногдох үр хөндөлтийн тоо 17 болсон нь өмнөх жилүүдээс нэмэгдсээр байгаа үзүүлэлт болж байна.
Иймээс оюутан залуучуудын эрүүл мэндийн эрсдлийг бууруулах, эрсдэлт зан үйлийг өөрчлөхөд чиглэсэн мэдээлэл сургалт, сурталчилгаа, ухуулга нөлөөллийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, тусламж үйлчилгээ хайх, хүртээмжийг нэмэгдүүлэх, зөв зан үйлийг төлөвшүүлэх, оюутан залуучуудтай ажилладаг байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор тус аяныг зохион байгууллаа.
Аяны хүрээнд цусны ерөнхий шинжилгээ, рентген, ЭХО, зүрхний цахилгаан бичлэг, ВС вирусын шинжилгээ зэрэг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээг хийсэн. Мөн хоол зүйч, сэтгэл зүйчийн зөвлөгөө, сургалтыг зохион байгуулж, эрүүл мэндийн боловсрол олгож, цаашид гарч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх боломжийг нээж өгсөн юм. Аяны хүрээнд Улаанбаатар их сургуулийн 300 орчим багш, ажилтан, оюутан үзлэг шинжилгээ, сургалтад хамрагдлаа. Үүний дараа Хилийн цэргийн их сургууль, Их засаг их сургуулийн оюутан, багш, ажилтнуудад үзлэг, шинжилгээ хийхээр төлөвлөөд байна.