"Эерэг хандлага-Эмчилгээний эхлэл" аян Налайх ЭМТ-ийн тасаг, нэгжүүдийн дунд өрнөж байгаа билээ. Аяны хүрээнд Онош зүйн тасгийн хамт олон иргэдэд зориулсан нээлттэй өдөрлөгийг өнөөдөр зохион байгуулж, тасгийнхаа үйл ажиллагааг сурталчлан таниуллаа.
Энэ үеэр шинжилгээ өгөхөөр ирсэн үйлчлүүлэгчдийг халуун аньсны шүүсээр дайлахын зэрэгцээ лабораторийн тусламж үйлчилгээ, өдөрт хийгддэг шинжилгээ, оношилгооны явц, шинжилгээний хариу үйлчлүүлэгчийн гарт ирэх хүртэлх дамжлагыг танилцуулсан.
Мөн иргэдийн төлөөллийг лабораторийн дотоод үйл ажиллагаатай танилцуулахад хамт олны уур амьсгал, ажлын орчин нөхцөлийг сайшаан, ард иргэддээ сэтгэл хүрсэн сайхан үйлчилгээг үзүүлж, бодит үр дүн гарах олон зохион байгуулалтыг хийж байгаад талархаж буйгаа илэрхийлсэн юм.
Түүнчлэн иргэд, үйлчлүүлэгчдээс Онош зүйн тасгийн лабораторийн үйл ажиллагаа, ажилтнуудын харилцаа хандлагад дүгнэлт өгөх асуумж судалгааг авахад судалгаанд оролцогчдын 96 хувь нь сэтгэл ханамжтай төдийгүй "Сайн" гэж дүгнэн, амжилт хүссэн байна.
Мөн бусад үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг судлах зорилгоор инээмсэглэл, сэтгэл дундуур байгааг илэрхийлэх дүрслэл бүхий зурган эможи, самбарыг байршуулахад иргэд инээмсэглэл бүхий дүрслэлээр сэтгэл ханамжаа төлөөлүүлэн, Онош зүйн тасгийн хамт олонд урам нэмжээ.
Энэхүү өдөрлөгийн зорилго нь өөрсдийн үйл ажиллагааг иргэдэд таниулах, тусламж үйлчилгээнд гарч буй шинэ ахиц дэвшил, тоног төхөөрөмжийн шинэчлэгдсэнээр шинжилгээний нэр төрлийг нэмэгдүүлсэн зэргийг танилцуулахад оршиж буй юм.