Буцах

"МЭС ЗАСАЛ, ГЭМТЛИЙН ТАСАГТ НУТАГШУУЛСАН ХАГАЛГАА" БҮТЭЭЛЭЭР ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГЫН НЭГ БОЛЖ, САЙН ТУРШЛАГЫН САНД БҮРТГЭГДЛЭЭ...

Нийслэл Улаанбаатар хотын 381 жилийн ойн өдрөөр Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн чанарын холбоотой хамтран зохион байгуулсан “Сайн туршлага-2020” арга хэмжээ болж, манай хамт олон амжилттай оролцлоо.
Тус арга хэмжээнд Налайх Эрүүл мэндийн төв нь нутагшуулсан 4 сайн туршлага, шинээр нэвтрүүлсэн 11 сайн туршлага нийт 15 ажлаар оролцож, "Мэс засал, гэмтлийн тасагт нутагшуулсан хагалгаа" бүтээл "ШИЛДЭГ"-ээр шалгаран, сайн туршлагын санд бүртгэгдсэн гэрчилгээгээ гардан авлаа. Мөн бусад байгууллагын туршлага, арга аргачлалаас эмчилгээ, оношилгоо, сувилахуйн тусламж, үйлчилгээндээ нэвтрүүлэн, нутагшуулж, дэлгэрүүлсэн үр дүнг тооцон ажилласан байгууллагын нэг болж Өргөмжлөл, мөнгөн шагналаар мөн шагнагдсан юм.
“Сайн туршлага” арга хэмжээ 2 үе шаттай зохион байгуулагдсан бөгөөд
сүүлийн шатанд 263 шилдэг бүтээлийг дэлгэн, бусад байгууллагуудад танилцуулга мэдээллээ хүргэн, сайн туршлагаа хуваалцсан байна. Эдгээр бүтээлүүдийг
1. Шинээр нэвтрүүлсэн эмчилгээний технологи номинац
2. Шинээр нэвтрүүлсэн оношлогооны технологи номинац
3. Эмнэлгийн тусламж үйлчилгээг хөнгөвчлөх, хүртээмж сайжруулах номинац
4. Шинээр нэвтрүүлсэн Сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах технологи
5. Шинээр нэвтрүүлсэн үйлчилгээний технологи номинац
6. Өөрсдийн бүтээлч санаачилгаар боловсруулсан оюуны бүтээлүүд...гэсэн 6 номинацад шилдэг 22 сайн туршлагыг шалгаруулж алдаршуулсан.
Дөрөв дөх жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа тус арга хэмжээ нь Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээнд тэргүүн туршлага нэвтрүүлэх, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, бүтээлч санал санаачилгыг дэмжих, бусдад түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.
Энэ жилийн зохион байгуулагчид болоод шүүгч, оролцогч нарын зүгээс эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилго бүхий энэхүү үйл ажиллагаа жилээс жилд улам өргөжиж, бүтээл эрс нэмэгдэж буйг цохон дурдлаа.
Энэхүү арга хэмжээг зохион байгуулснаар эрүүл мэндийн байгууллагууд мэдлэг туршлага солилцож, эмнэлгийн тусламж, үйлчилгээний нэр, төрөл нэмэгдсэнээр иргэдэд хүргэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах юм. Тиймээс тус арга хэмжээнээс шалгарсан сайн туршлагыг эмхтгэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулан товхимол болгон хэвлүүлдэг билээ.
Эмнэлгийн тусламж, үйлчилгээнд шинээр нэвтрүүлсэн шилдэг бүтээл, оновчтой санал, санаачилга "Сайн туршлага" бүхэн түгэн дэлгэрч, эмнэлгийн тусламж үйлчилгээнд чанарын ахиц дэвшил дүүрэн байх болтугай.