Ковид-19 цартахалын тархалтаас сэргийлж хөл хорио тогтоосонтой холбогдуулан Нийслэлийн Энэрэл эмнэлэг Нийгмийн хамгааллын тусгай төвд байршуулсан зорилтот бүлгийн иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа.
Тухайн төвд 200 орчим зорилтот бүлгийн иргэд байршиж байгаа бөгөөд дотор, мэдрэл, сүрьеэ, дүрс оношилгоо, сэтгэцийн эмч, лаборант, рентген техникч гэсэн 7 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж иргэдийг эмчийн үзлэг, лабораторийн шинжилгээ, зүрхний бичлэг, хэвлийн ЭХО зэрэг үзлэг, шинжилгээнд хамрууллаа. Үзлэгийн үед эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай иргэдийг бүртгэж, өөрийн эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх ажлыг зохион байгуулж байна. Зорилтот бүлгийн иргэд нь эмнэлгийн тусламж, үйлчилгээг тогтмол авч чадахгүй, эрүүл мэндийн даатгалгүй зэрэг асуудлаас шалтгаалан өвчин хүндрэх, халдварт өвчинг бусдад тараах зэрэг эрсдэлтэй байдаг. Тиймээс эдгээр иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, онош тодруулах, эмчлэх, зайлшгүй шаардлагатай иргэдийг дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүлэн эмчлүүлэх нь чухал ач холбогдолтой юм.
Мөн тус төвд байршиж байгаа иргэдэд Энэрэл эмнэлгийн зүгээс 3 ээлжийн амны хаалт, гар халдваргүйжүүлэгч, ариутгал халдваргүйтгэлийн бодис зэргийг хандивласан юм.
2020 оны 12-р сарын 1 нь дэлхийн ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр тохиож байгаатай холбогдуулан ХДХВ-ын халдвараас сэргийлэх гарын авлага тарааж, зөвлөгөө зөвлөмж өгч ажиллаа.