2019 оны Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдлыг үнэлэх, тулгамдсан асуудлыг тодорхойлох, цаашид сайжруулах арга замыг нотолгоонд суурилан төсөвлөх, эмч, эмнэлгийн мэргэжилтнийг хөгжүүлж, судалгааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлох зорилготой “Эрүүл мэндийн салбарын хөгжил, шинэчлэл-2019” онол практикийн хурлыг 5 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
Онол практикийн хуралд дүүргийн Засаг даргын орлогч, төслүүдийн удирдагч П.Давхарбаяр, Эрүүл мэндийн төвийн дарга Л.Баярхүү болон зочин илтгэгчээр АШУҮИС –ийн ходоод, гэдэс, элэг судлалын тэнхимийн багш Анагаах ухааны доктор Б.Гантуяа, Баянгол Эрүүл мэндийн төв Ахмад настан хүүхдийн эмнэлгийн УАУ-ны их эмч Х.Бунд-Очир, Мөнгөн гүүр эмнэлгийн Мэс заслын эмч Д.Мөнхжавхлан нар оролцов.
Онол практикийн хуралд эмнэлзүй, нийгмийн эрүүл мэнд, сувилахуйн тусламж үйлчилгээний чиглэлээр 21 илтгэлийг аман болон ханан илтгэл хэлбэрээр хэлэлцүүлэхэд Б.Оролзодмаа Д.Батзаяа, Г.Уранчимэг нарын “Сүхбаатар дүүргийн эмэгтэйчүүдийн дундах эсийн шинжилгээний илрүүлгийн байдлыг үнэлсэн судалгаа” илтгэл тэргүүн байр, О.Хишигжаргал, Ц.Болормаа, Б.Чинсанаа нарын “Сүхбаатар дүүргийн 40-с дээш насны үйлчлүүлэгчдийн амьдралын хэв, маяг, хөдөлгөөний хомсдлыг үнэлэх” дэд байр, Б.Ганпүрэв, А.Амарцэнгэл, Б.Дэлгэрмаа, С.Жаргалсайхан нарын “DOTS эмчилгээг цахим сүлжээ ашиглан хянасан үр дүн” судалгааны бүтээл гуравдугаар байр, ханан илтгэлээс тэргүүн байрыг Ц.Сэржмядаг, Б.Энхсувд, Д.Саранчимэг нарын “Шүд цооролт ба хөөмий, нармайн булчирхайн томролтот үрэвслийн хамаарал”, дэд байрт “Соронзон долгионт хэт ягаан туяаны лазер эмчилгээний “Милта” аппаратын эмчилгээний үр дүнг тооцсон нь”, гутгаар байрт Б.Ууганцэцэг, Ц.Доржханд, Л.Ган-Өлзий нарын “Чихэвчний хэрэглээг судалсан үр дүн” сэдэвт судалгааны бүтээл, илтгэлүүд шалгарлаа.
Энэхүү онол практикийн бага хурлын судалгааны бүтээл, илтгэлүүд нь жилээс жилд чанаржиж, олон улсын эрдэм шинжилгээний хурал, АШУҮИС-ийн эрдмийн чуулган, нийслэл, мэргэжлийн нийгэмлэг холбоодын хурлуудад тогтмол амжилттай оролцож байгааг Эрүүл мэндийн төвийн дарга Л.Баярхүү хэлсэн үгэндээ дурдлаа.
Мөн эмч мэргэжилтэн, судлаачдын судалгааны ажлын цар хүрээ тэлж улсын хэмжээнд хийгдэж буй судалгааны төслийн багт ажиллаж үр дүнг нь олон улсад танилцуулж байна.
Ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэдэг та бүхэндээ ажил хөдөлмөрийн өндөр амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.