Буцах

СҮХБААТАР ДҮҮРЭГТ “ЭРҮҮЛ ИРГЭН” АЯН ҮРГЭЛЖЛЭН ХЭРЭГЖИЖ БАЙНА

Иргэдийн дунд зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлэн, оношлох, эмчлэн эрүүлжүүлэх зорилго бүхий “Эрүүл иргэн аян” нийслэлийн хэмжээнд 3 дах жилдээ зохион байгуулагдаж байна.
2020 онд дээрх аяныг тус дүүрэгт үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр нээлтийн үйл ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа.
Энэ жилийн “Эрүүл иргэн” аянд ЭМЯ-ы харьяа төв эмнэлэг, төрөлжсөн болон тусгай мэргэжлийн төвүүдийн эмч мэргэжилтнүүд дүүргийн эмч нартай хамтран үзлэг, оношилгоо хийх болсноороо онцлог юм.
“Эрүүл иргэн аян-2020” үйл ажиллагааны хүрээнд хүн амын дунд өвчлөл өндөр байгаа зүрх судас, хавдар, хүүхэд, мэдрэл, чих хамар хоолой, нүд болон бусад чиглэлээр үзлэг хийгдэхээс гадна улсын хэмжээнд явагдаж байгаа Тэмбүүг устгая арга хэмжээ, Сүрьеэгийн халдварыг бууруулах, Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй багажийн болон лабораторийн оношилгоонууд хийгдэнэ.
Энэ үйл ажиллагаанд зөвхөн эрүүл мэндийн байгууллага бус Төрийн болон ТББ, иргэдийн оролцоо дэмжлэг маш чухал юм.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд 2019 онд “Эрүүл иргэн” аяныг дүүргийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, 1-20 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төв хамтран зохион байгуулж, 12 төрлийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, 4 төрлийн хурдавчилсан оношлуур, 5 төрлийн багажийн шинжилгээ, оношилгоонд дүүргийн нийт 10385 иргэн буюу нийт хүн амын 7.1%-ийг хамруулсан. Үзлэгээр элэгний хавдар 18, умайн булчингийн хоргүй хавдар 1, умайн хүзүүний хавдрын урьтал эмгэг 2, умайн хүзүүний уйланхай 5, өндгөвчний уйланхай 6, тэмбүүгийн 21 тохиолдол, элэгний В вирүсийн халдвар 10, С вирүсийн халдвар 16 тохиолдлыг шинээр илрүүлэн, төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж цаг алдалгүй хүргэж, эрт үед нь оношилж, эмчилгээнд хамруулсан байна.